График карт үйлдвэрлэгч алдарт NVIDIA компани хиймэл оюунд суурилсан дүрс сайжруулах шинэ үеийн DLSS 5 технологио албан ёсоор танилцууллаа. Энэхүү технологи нь есдүгээр сарын 3-нд албан ёсоор нээлтээ хийх бөгөөд зөвхөн тус компанийн RTX 50 цувралын график картуудад зориулагдсан байна. Одоогоор энэ нь зөвхөн NBA 2K27 тоглоом дээр ажиллахаар гарч байгаа юм.
DLSS 5 гэж юу вэ?
Өмнө нь DLSS технологи нь пиксел бүрийг бүтнээр нь боловсруулахын оронд хиймэл оюуны тусламжтайгаар нарийвчлалыг нөхөж, фрэймийн хурдыг (frame rate) нэмэгдүүлдэг байв. Харин DLSS 5 нь үүнээс ч илүү далайцтай ажиллаж, бодит цаг хугацаанд тоглоомын дүр зурагт илүү бодит гэрэлтүүлэг болон материалын бүтцийг нэмэх зорилготой аж. Энэ нь хиймэл оюун ухаан гэрэл сүүдэр, текстур, тэр ч байтугай дүрүүдийн нүүр царайг шууд засварлан зурах чадвартай гэсэн үг юм.
NVIDIA энэхүү технологийг анх гуравдугаар сард дэлгэхдээ 2018 оны "ray tracing"-ээс хойших хамгийн том графикийн ололт амжилт хэмээн тодорхойлсон. Мөн тоглоом бүтээгчдэд хиймэл оюуны нөлөөллийг тохируулах боломж олгож, дүрүүдийн нүүр царайг өөрчлөхгүй үлдээх эсвэл зөвхөн орчны нарийвчлалыг сайжруулах зэргээр хянах боломжтой гэдгийг мэдэгджээ.
Олон нийтийн шүүмжлэл ба маргаан
Шинэ технологи зарлагдсан цагаасаа эхлэн нийгмийн сүлжээнд маргаан дагуулж эхэлсэн. Анх *Resident Evil: Requiem* тоглоомын туршилтын үеэр гол дүр Грейс Эшкрофтын хиймэл оюунаар сайжруулсан төрх анхны хувилбараасаа дэндүү өөр харагдаж, цахим орчинд шүүмжлэлд өртөж байв.
Шүүмжлэгчдийн зүгээс хиймэл оюунд тоглоомын гэрэлтүүлэг болон баатруудын царайг дахин бүтээхийг зөвшөөрөх нь уран бүтээлчдийн анх гаргасан шийдэл, урлагийн чиглэлийг үгүй хийж байна гэж үзэж буй юм. Зарим тохиолдолд үнэхээр муу харагдаж байгаагаас гадна ажиллагааны хувьд ч нөөц их шаардаж байгаа аж.
Харин дэмжигчдийн үзэж буйгаар уг технологи нь ялангуяа спорт болон бодит мэт дүрслэлтэй тоглоомуудад графикийн болон гүйцэтгэлийн томоохон үсрэлт болсон гэлээ. Тэд муу харагдаж буй зургуудыг тохиргоог нь хэтрүүлж, зөв ашиглаагүйгээс болсон гэж тайлбарлаж байна.