Чип үйлдвэрлэгч Nvidia компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Женсен Хуанг өнгөрсөн ням гарагт компанийнхаа албан ёсны цахим хуудсаар дамжуулан ажилтнууд болон гэр бүлээсээ уучлалт гуйсан мэдэгдэл нийтэллээ. Тэрбээр гэр бүлээсээ гадуурх харилцаа үүсгэсэндээ гүнээ харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Тагнуулын сэжиг ба үндэсний аюулгүй байдал

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын нэг болох Nvidia-гийн тэргүүн хувийн асуудлаа компанийн сувгаар нийтэлсэн нь томоохон анхаарал татлаа. The New York Times болон Financial Times хэвлэлүүдийн мэдээлснээр, Женсен Хуангтай харилцаатай байсан БНХАУ-ын иргэн Алис Хуанг нь Хятадын Төрийн аюулгүй байдлын яаманд тагнуулаар ажилладаг байж болзошгүй хэмээн АНУ-ын тагнуулын албаныхан үзэж байгаа ажээ. Алис Хуанг нь Nvidia-гаас их хэмжээний чип худалдан авдаг Сингапурт төвтэй Megaspeed компанийн удирдах албан тушаалтан бөгөөд тэрбээр чипний экспортын хязгаарлалтыг сулруулах лобби хийхийг Nvidia-гийн захирлаас хүссэн гэж тайлагнажээ. Женсен Хуанг ч үүний дагуу лобби хийсэн гэж мэдээлэгдсэн байна.

Энэхүү асуудал нь өндөр түвшний үндэсний аюулгүй байдлын эрсдэлд тооцогдсон тул АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ хавар Трампын засаг захиргаанд анхааруулсан нууц санамж бичгийг боловсруулахад биечлэн оролцсон тухай NYT тэмдэглэжээ.

Талуудын байр суурь ба тодорхойгүй нөхцөл байдал

Nvidia компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн нууц болон үндэсний аюулгүй байдал алдагдсан гэж үзэх үндэслэл байхгүй гэж мэдэгдсэн бөгөөд дотооддоо бие даасан шалгалт эхлүүлснээ зарласан байна. Харин Associated Press агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын талаас Алис Хуангыг тагнуул хийсэн гэх мэдээллийг гүтгэлэг хэмээн няцаажээ.

Женсен Хуанг уг эмэгтэйн талаар хэр зэрэг мэдээлэлтэй байсан болон ямар нэгэн мэдээлэл алдагдсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Түүнчлэн Wall Street Journal-д дурдсанаар, Алис Хуанг хамгийн сүүлд 2024 онд Хятадад байсан нь батлагдсан бөгөөд одоогоор хаана байгаа нь бүрэн тодорхойгүй байгаа ажээ.