Японы ардын аман зохиол болон домог зүйгээс сэдэвлэн бүтээсэн, шүтэн бишрэгчидтэй “Okami” тоглоомын 20 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн ойг угтан Data Discs хөгжмийн компани Capcom-той хамтран тус тоглоомын оркестр хөгжмийн цомгийг пянз хэлбэрээр дахин худалдаанд гаргахаар боллоо.
2006 онд анх танилцуулагдсан “Okami” нь Японы нарны бурхан Аматерасугийн дүрд хувиран, ертөнцийг сүйрлээс аврахын тулд найман толгойтой чөтгөр Орочиг ялах эрэл хайгуул хийдэг адал явдалт тоглоом юм. PlayStation 2 консол дээр анх гарч байсан энэхүү бүтээл нь хожим 2017 онд шинэчлэгдэн гарч байсан түүхтэй.
Data Discs компанийн мэдээлснээр, тус тоглоомын хөгжим нь Японы уламжлалт хөгжмийн зэмсгүүдийг ашиглан, тоглоомын гол сэдэв болох сэргэн мандалт болон шийдэмгий байдлыг илэрхийлдэг аж. Энэхүү 4LP пянзны иж бүрдэлд 40 хуудас бүхий зурагт ном болон хоёр талт уран сайхны хэвлэмэл зураг багтжээ. Одоогоор Data Discs дээрх бараа дууссан ч Fangamer сайтаар дамжуулан урьдчилан захиалах боломжтой байна.
Түүнчлэн, Capcom компани “Okami” тоглоомын үргэлжлэлийг хөгжүүлж байгаагаа өмнө нь мэдэгдсэн билээ. Шинэ адал явдал хэзээ гарах нь одоогоор тодорхойгүй байгаа ч хөгжүүлэлтийн ажил үргэлжилж байна.