Apple компани анхны эвхэгддэг ухаалаг утас болох iPhone Duo загвараа албан ёсоор танилцуулахад ердөө нэг сарын хугацаа үлдээд байна. iPhone хэрэглэгчдийн хувьд эвхэгддэг iPhone авахыг зорьж буй бол өөр сонголт руу хазайх нь бараг үгүй байж магадгүй ч Android хэрэглэгчдийн дунд уг төхөөрөмж одоогийн Android эвхэгддэг утаснуудтай хэрхэн өрсөлдөх бол гэсэн хүлээлт үүсээд буй.

Хэдийгээр iPhone Duo-ийн бенчмарк хараахан гараагүй байгаа ч SpeedTest.net платформыг хөгжүүлэгч Ookla компани зах зээл дэх эвхэгддэг Android утаснуудын нарийвчилсан сорилтын үр дүнг танилцууллаа.

Сорилд ямар загварууд хамрагдав?

Ookla-ийн тайланд АНУ-ын зах зээл дэх зургаан загварыг харьцуулжээ. Үүнд Samsung-ийн Galaxy Z Fold6, Fold7, Fold8, Fold8 Ultra, Flip6 болон Google-ийн Pixel 10 Pro Fold багтсан байна. Компани эдгээр төхөөрөмжүүдийг ижил чипсет бүхий ердийн (хавтгай) загваруудтай (тухайлбал, Galaxy S26 Ultra) харьцуулан хэд хэдэн үзүүлэлтээр хэмжсэн байна. Антенны байрлал болон програмын ялгаанаас шалтгаалан зарим үзүүлэлтэд зөрүү гардаг болохыг тайланд тэмдэглэжээ.

Хурд ба сүлжээний чанарын үр дүн

Хурдны үзүүлэлтээр Galaxy Z Fold8 Ultra хамгийн өндөр үр дүнг үзүүлсэн харагдаж байна. Тус загвар нь татах, хуулах хурд болон дата багцын алдагдлыг бууруулах тал дээр манлайлжээ. Харин суурь Galaxy Z Fold8 загвар медиан татах хурдаараа Ultra хувилбараасаа үл ялиг давсан ч бусад үзүүлэлтээр Fold8 Ultra ардаа орхисон байна.

Гэвч Fold8 болон Fold8 Ultra нь сүлжээний чанарын хэмжилт дээр тийм ч сайн үр дүн үзүүлсэнгүй. Хэдийгээр эдгээр хоёр утас нь Galaxy S26 Ultra-тай ижил Snapdragon 8 Elite Gen 5 чипсет болон Snapdragon X85 модемоор ажилладаг ч хавтгай загвар нь илүү сайн үзүүлэлт үзүүлжээ. Ерөнхийдөө Galaxy Z Fold6 загвар сайн болон муу нөхцөлийн аль алинд сүлжээний чанарын оноогоор тэргүүлсэн харагдав. Харин Galaxy Z Flip6 нь сайн нөхцөлд хамгийн сул байсан ч муу нөхцөлд хяналтын төхөөрөмжтэйгөө харьцуулахад хамгийн сайн үзүүлэлт үзүүлсэн нь анхаарал татжээ.

Температур ба системийн удаашрал

Температурын сорилоор Samsung Galaxy Z Fold7 харьцуулсан төхөөрөмжтэйгээ харьцуулахад хамгийн сэрүүн ажилласан бол Flip6 нь хамгийн их халсан байна.

Samsung шинэ загвар гаргах бүрдээ татах, хуулах хурд болон сүлжээний хүчийг сайжруулсаар ирсэн ч хоёр чиглэлд ухралт ажиглагджээ. Тухайлбал, сүлжээ муутай нөхцөлд Fold6 нь Fold7 болон Fold8-аас илүү ажилласан байна. Түүнчлэн Fold8 болон Fold8 Ultra нь халалтаас үүдэлтэй системийн удаашрал (throttling)-ын сорилоор Fold7 загвартай харьцуулахад гүйцэтгэл нь нэлээд буурсан харагдаж байна.