Хиймэл оюун ухаан хөгжүүлэгч OpenAI болон түүний хамтрагч Microsoft компаниуд хэвлэл мэдээллийн байгууллагуудаас дахин зохиогчийн эрхийн гомдол хүлээн авлаа. Энэ удаад АНУ-ын Seattle Times болон Newsday сонинууд Нью-Йоркийн Өмнөд дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлд дурдсанаар, тус технологийн компаниуд сонинуудын төлбөртэй (paywall) нийтлэлүүдийг зөвшөөрөлгүй татан авч, ChatGPT, Microsoft Copilot болон AI системтэй шинэ Bing хайлтын системийг сургах өгөгдлийн сандаа оруулсан гэж буруутгажээ. Эдгээр чатботууд нь сэтгүүлчдийн бичсэн бүтэн өгүүлбэр, цогцолборыг тэр чигээр нь хуулбарлах эсвэл маш ойрхон найруулан өгүүлж чадаж байгааг хэвлэн нийтлэгчид онцолсон байна.

Seattle Times-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Алан Фиско ажилтнууддаа хандан хэлэхдээ, жил бүр сая сая доллар зарцуулж бэлтгэдэг контентоо зөвшөөрөлгүй, ямар ч нөхөн төлбөргүй ашиглахаас хамгаалах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Мөн сонинуудын зүгээс нийтлэлүүдийнх нь хуулбар, тэдгээрийг агуулсан сургалтын өгөгдлийн сан болон хиймэл оюуны загваруудыг устгахыг шаардаж байгааг Reuters агентлаг мэдээлсэн байна.

Технологийн компаниудын байр суурь

Харин OpenAI хэвлэлд өгсөн тайлбартаа загвараа сургахдаа зөвхөн олон нийтэд нээлттэй мэдээллийг шударга ашиглалтын (fair use) хүрээнд ашигладаг гэжээ. Microsoft-ийн зүгээс тус заргад гайхаж байгаагаа илэрхийлсэн боловч хэвлэн нийтлэгчидтэй "хамт суугаад шийдэл хайхад" бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

OpenAI болон Microsoft компаниуд өмнө нь ч сургалтын өгөгдөл, зохиогчийн эрхтэй холбоотой хэд хэдэн шүүхийн маргаантай тулгарч байсан бөгөөд үүнд New York Times болон бусад хэвлэлүүдийн гаргасан нэхэмжлэлүүд багтаж байгаа юм. Тухайлбал, New York Times компани эдгээр технологийн бүтээгдэхүүнүүдийг өөрсдийн бүтээлийг зохих ёсоор хувиргалгүй хуулбарласнаар хэвлэл мэдээллийн байгууллагатай шударга бусаар өрсөлдөж байна гэж үздэг.