Хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч OpenAI компани саяхан өөрийн анхны брэндийн аялалыг зохион байгуулж, олон нийтийн сүлжээний нөлөөлөгчдийг Нью-Йорк мужийн Хадсон хөндийд байрлах Wildflower Farms тансаг зэрэглэлийн амралтын газарт урьжээ. Аялалд оролцсон бүтээгчид хувийн өрөө, тансаг хоол, компанийн лого бүхий зөгийн бал зэрэг бэлгүүдийг хүлээн авч, сэтгэгдлээ хуваалцсан байна.

Шүүмжлэл дагуулсан "байгалийн" аялал

Энэхүү аялалд технологи, бизнес, карьерын чиглэлээр контент бүтээдэг Justyn Warner, Megan Lieu, Grace McCarrick, Avni Barman болон Sreya Halder нарын нөлөөлөгчид оролцжээ. Тэд өөрсдийн дагагчиддаа амралтын газрын тансаг орчин болон OpenAI-ийн удирдлагуудтай хийсэн уулзалтын талаар сэтгэгдлээ хуваалцсан байна. Гэвч уг үйл явдал олон нийтийн сүлжээнд хүчтэй шүүмжлэл дагууллаа.

Хэрэглэгчид хиймэл оюун ухааны технологи нь байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа болон бүтээлч салбарт үзүүлэх үр дагаврын талаар асуултуудыг тавьж эхэлсэн юм. Ялангуяа "байгальтай танилцах" нэрийн дор зохион байгуулсан энэхүү аялал нь байгаль орчныг бохирдуулдаг гэх шүүмжлэлтэй технологийн компанийн хувьд эсрэгцэлтэй санагдсан гэж олон хүн үзэж байна.

Хиймэл оюун ухаан ба байгаль орчны асуудал

Хиймэл оюун ухаан нь зөвхөн дэлгэц дээр байдаг мэт санагдавч, ChatGPT-ийн аливаа хүсэлтийг боловсруулахын тулд маш их хэмжээний цахилгаан эрчим хүч болон ус шаарддаг дата төвүүд ажилладаг. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, хиймэл оюун ухааны ачааллаас үүдэн дата төвүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2024-2030 оны хооронд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Зөвхөн АНУ-ын дата төвүүд 2023 онд 17 тэрбум галлон ус зарцуулсан гэх тооцоо бий. Энэхүү бодит нөхцөл байдал нь нөлөөлөгчдийн сурталчилж буй тансаг аялал болон технологийн компанийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг хооронд нь холбосон шүүмжлэлийг улам хурцатгаж байна.