Хиймэл оюуны технологи хөгжүүлэгч OpenAI компани Калифорни мужид өнгөрсөн онд батлагдсан хиймэл оюуны аюулгүй байдлын хуулийг илүү чангатгах, нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт тавьжээ. Тус компанийн Олон улсын харилцааны (Global Affairs) баг LinkedIn хуудсаараа дамжуулан мужийн захирагч Гэвин Ньюсомын 2025 оны есдүгээр сард гарын үсэг зурж баталсан SB 53 буюу Тэргүүлэх түвшний хиймэл оюуны ил тод байдлын тухай хуульд (Transparency in Frontier Artificial Intelligence Act) өөрчлөлт оруулах байр сууриа илэрхийлсэн байна.

Хуульд ямар зохицуулалт нэмэхийг санал болгов?

OpenAI-ийн үзэж буйгаар тус хуульд илүү тодорхой, хүчтэй шаардлагуудыг тусгах шаардлагатай байна. Тодруулбал, тэргүүлэх түвшний хиймэл оюуны (frontier AI) загваруудыг сургах болон үнэлэх явцад тэдгээр нь гуравдагч талын хамгаалалтын системийг тойрч гарах, эсвэл зөвшөөрөлгүй нууц мэдээлэл олж авах эрсдэл байгаа эсэхийг заавал хянадаг байх шаардлагыг санал болгожээ. Мөн загвар хөгжүүлэлтийн бүхий л шатанд кибер аюулгүй байдлыг бэхжүүлж, системийн дотоод хамгаалалтыг хиймэл оюун өөрөө даван гарахаас сэргийлэх механизмыг хуульчлахыг уриалсан байна.

SB 53 хуулийн одоогийн зохицуулалт

Мужийн захирагчийн Тамгын газрын мэдээлснээр, батлагдаад удаагүй байгаа уг хууль нь хиймэл оюун хөгжүүлэгч томоохон компаниудаас аюулгүй байдлын хүрээ баримт бичгээ нийтлэхийг шаарддаг. Үүнээс гадна ноцтой аюулгүй байдлын зөрчлийг Калифорнийн Онцгой байдлын албанд мэдээлэх албан сувгийг бий болгож, шүгэл үлээгчдийг хамгаалах болон хууль биелүүлээгүй компаниудад мужийн Ерөнхий прокурор иргэний торгууль ногдуулах эрхийг олгосон юм.

Түүнчлэн аюулгүй байдал, тэгш байдлын судалгааг дэмжих зорилгоор CalCompute нэртэй олон нийтийн тооцооллын консорциумыг байгуулж, технологийн хөгжилтэй уялдуулан хуулийг жил бүр эргэн харж байхаар тусгажээ.

OpenAI-ийн баримталж буй стратеги

OpenAI энэхүү бодлогоо "reverse federalism" хэмээн нэрлэж байна. АНУ-ын Конгресс хиймэл оюуны нэгдсэн хууль тогтоомж дээр шийдвэртэй алхам хийхгүй байгаа энэ үед муж улсууд эхлээд нийцтэй стандартуудыг баталж, улмаар тэр нь холбооны хэмжээний бодлого болон хувирах боломжтой гэж компани үзэж байна. Мөн энэхүү санал нь тодорхой нэг тохиолдолд зориулж дүрэм бичих бус, асуудлыг эрт илрүүлж, туршлагыг салбарын хэмжээнд хуваалцах тогтолцоо бүрдүүлэх зорилготой болохыг OpenAI онцолжээ.