Хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч OpenAI компани ChatGPT-д суурилсан, дэлгэцгүй, зөөврийн ухаалаг чанга яригч бүтээж байгаа талаар Bloomberg мэдээллээ. Энэхүү төхөөрөмж нь Apple компанийн HomePod болон Furby тоглоомыг хослуулсан мэт харагдах бөгөөд гэрийн хэрэглээнд зориулсан AI хамтрагч байх аж.

Хүнтэй төстэй “зан чанар”

Тус төхөөрөмж нь ухаалаг гэр ахуйн хэрэгслүүдийг удирдах, хөгжим тоглуулах, мессежэнд хариулах, асуултад хариулах зэрэг бусад ухаалаг чанга яригчийн хийдэг үйлдлүүдийг гүйцэтгэх юм. Гэвч үүгээр зогсохгүй, төхөөрөмж нь хүнтэй төстэй зан чанар гаргахыг зорьж байна. Тодруулбал, уг төхөөрөмж нь өөрийгөө илэрхийлэх боломжтой хөдөлгөөнт механик эд ангиудтай байх бөгөөд энэ нь OpenAI-ийн ChatGPT-ийн биет илрэл болох юм.

Тагнах уу, туслах уу?

Шинэ төхөөрөмж нь камер болон мэдрэгчээр тоноглогдсон байх бөгөөд хэрэглэгчийн хувийн мэдээлэлд нэвтэрч, тухайлбал и-мэйлүүдийг унших замаар илүү хувийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь хэрэглэгчийн зуршил, орчныг байнга ажиглаж, хүсэлт гаргахгүйгээр тусламж үзүүлэх чадвартай байх аж. OpenAI өмнө нь iPhone-ий загварыг гаргагч Jony Ive-ийн үүсгэн байгуулсан io стартапыг худалдан авч байсан нь тус компани техник хангамжийн салбарт орох сонирхолтой байгааг илтгэж байв.

Wall Street Journal-ын мэдээлснээр, OpenAI энэхүү төхөөрөмжийг MacBook Pro болон iPhone-ийн дараа орох гурав дахь гол төхөөрөмж болгох том зорилготой байгаа бөгөөд 100 сая ширхэгийг үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Гэсэн хэдий ч энэ төхөөрөмж нь хэрэглэгчийг байнга тагнах эрсдэлтэй гэх шүүмжлэлүүд ч дагалдаж байна.

Эцэст нь дурдахад, Mashable-ийн толгой компани болох Ziff Davis нь 2025 оны дөрөвдүгээр сард OpenAI-ийг зохиогчийн эрх зөрчсөн хэмээн шүүхэд өгөөд байгаа юм.