Хиймэл оюуны салбарт тэргүүлэгч OpenAI компани техник хангамжийн зах зээлд хөл тавихаар зэхэж байна. Bloomberg агентлагийн мэдээлснээр, тус компани дэлгэцгүй, цагираг хэлбэрийн ухаалаг чанга яригч бүтээхээр ажиллаж байгаа аж.
Энэхүү төхөөрөмж нь хоккейны шайбтай ойролцоо хэмжээтэй байх бөгөөд нэг гарт багтахуйц авсаархан, халаасанд хийж явахад тохиромжтой байхаар төлөвлөгджээ. Дизайн болон материалын хувьд Apple компанийн iPhone-ыг зохион бүтээгч Жони Айвын io стартапыг худалдаж авсны дараа илүү анхаарал хандуулж, чанартай металл ашиглан "дээд зэрэглэлийн" харагдуулахыг зорьж байна.
Төхөөрөмжийн үнийн хувьд ойролцоогоор 300-аас 400 ам.доллар байх төлөвтэй байгаа ч албан ёсны мэдэгдэл хараахан гараагүй байна. Шинэ төхөөрөмж нь ChatGPT аппликейшний дуут горимын илүү дэвшилтэт хувилбар болох бөгөөд хэрэглэгчийн и-мэйл зэрэг мэдээлэлд нэвтэрч, камер, микрофон болон бусад мэдрэгчийн тусламжтайгаар орчин тойрныг хянаж, суралцах юм. Төхөөрөмж идэвхтэй сонсож байгаа үед гэрлэн дохио асч мэдэгдэх аж.
Мөн төхөөрөмж нь хэрэглэгчийн үйлдлийг даган хөдөлдөг механик эд ангиудтай байх бөгөөд энэ нь төхөөрөмжийг илүү амьд, хүнтэй төстэй болгох зорилготой гэнэ. OpenAI компани уг төхөөрөмжийг ухаалаг гар утас шиг түгээмэл болгохыг зорьж байгаа гэсэн мэдээлэл өмнө нь гарч байв.
Тэмдэглэл: Mashable сайтын толгой компани болох Ziff Davis нь 2025 оны дөрөвдүгээр сард OpenAI-ийг зохиогчийн эрх зөрчсөн хэмээн шүүхэд өгөөд байгаа юм.