Дэлхийд алдартай таамаглалын зах зээл болох Polymarket-ийн 5 минутын Биткойны бооцоот арилжаа нь хөрөнгө оруулагчдын мөнгийг цөөн тооны манипуляторчууд руу шилжүүлэх хэрэгсэл болсон тухай шинэ судалгаа гарчээ. "Settlement Manipulation in Prediction Markets" нэртэй уг судалгааг Стэнфордын их сургууль болон Сингапурын Менежментийн их сургуулийн судлаачид хийсэн байна.
2026 оны 2-р сарын 12-ноос эхлэн Polymarket платформ нь Биткойны үнэ 5 минутын дотор өсөх эсвэл буурахыг таамаглах хоёртын (binary) гэрээг нэвтрүүлсэн юм. Энэхүү бүтээгдэхүүн нь богино хугацаанд маш их алдаршиж, 4 тэрбум гаруй долларын арилжаа хийгдсэнээр платформын өдөр тутмын арилжааны хэмжээг гурав дахин өсгөжээ.
Манипуляци хэрхэн явагдсан бэ?
Судлаачдын тогтоосноор уг системийн гол сул тал нь Chainlink oracle буюу үнийн мэдээллийн эх үүсвэрт байжээ. Гэрээний үр дүн нь Биткойны спот ханшийн дунджаар тодорхойлогддог байсан ба манипуляторчууд гэрээ хаагдах сүүлийн хэдэн секундэд бодит Биткойн худалдан авах эсвэл зарах замаар үнийг өөрт ашигтайгаар хэлбэлзүүлдэг байсан нь тогтоогджээ. Binance биржийн үнэ нь oracle-ийн үнэтэй маш ойрхон хөдөлдөг байсан тул тэд уг бирж дээрх үнийг түлхэх замаар бооцооны үр дүнг өөрчилдөг байв.
Судалгаагаар нийт 243,000 оролцогчоос 821 хүн манипуляци хийх замаар 8.2 сая доллар олсон нь тогтоогдсон байна. Тэдний олсон ашгийн дийлэнх буюу 93 хувь нь жижиг хөрөнгө оруулагчдын алдагдлаас бүрджээ. Мөн эдгээр залилангийн шинжтэй үйлдлүүдийн 56 хувь нь шөнийн цагаар, 44 хувь нь амралтын өдрүүдэд, зах зээлийн идэвх багатай үед тохиолдсон байна.
Судлаачид эдгээр манипуляци нь хэвийн арилжааны үед байдаггүй болохыг онцолсон бөгөөд 15 минутын хугацаатай гэрээнүүд дээр ийм төрлийн залилан ажиглагдаагүй байна. Учир нь урт хугацааны гэрээнд үнийг зориудаар хэлбэлзүүлэх нь илүү хүндрэлтэй байдаг ажээ.