Дэлхийн автомашины зах зээлд тансаг зэрэглэлийн спорт машинаараа алдартай Германы Porsche компани сонирхолтой хамтын ажиллагааг зарлалаа. Тэд удахгүй нээлтээ хийх гэж буй "Toy Story 5" киног угтан, Disney болон Pixar студийн бүтээл болох "Toy Story" хүүхэлдэйн киноны домогт дүрүүд болох Вуди, Базз Лайтъеар, Жесси нарын өвөрмөц хэв маягийг шингээсэн Porsche 911 загварын гурван ширхэг автомашиныг танилцууллаа.
Эдгээр машинууд нь тус бүр нэг л хувь үйлдвэрлэгдсэн гэдгээрээ онцлог юм. Автомашин бүр дээр тухайн дүрүүдийн хувцаслалт, өнгө төрх, зан чанарыг илэрхийлсэн нарийн хийц бүхий дизайныг шингээжээ. Тухайлбал, Вудигийн загвар нь түүний өмсдөг ковбой малгай, хүрэмний хээг санагдуулам байх бол Базз Лайтъеарын машин нь сансрын нисгэгчийн хувцасны өнгө болох цагаан, ногоон, нил ягаан өнгийн хослолоор чимэглэгдсэн байна. Харин Жессигийн загвар нь түүний эрч хүчтэй, хөгжилтэй зан чанарыг илтгэх тод өнгүүдийг агуулжээ.
Porsche брэндийн хувьд энэхүү төсөл нь зөвхөн автомашин үйлдвэрлэх бус, харин соёлын бэлгэ тэмдэг болсон дүрүүдтэй нэгдэн, шүтэн бишрэгчдэд нь өвөрмөц мэдрэмж төрүүлэх зорилготой аж. Хэдийгээр эдгээр машинууд нь худалдаанд гарах эсэх нь тодорхойгүй байгаа ч цуглуулагчдын хувьд жинхэнэ "алт" болох нь дамжиггүй.
"Toy Story" нь 1995 онд анх дэлгэцэнд гарсан цагаасаа хойш дэлхий даяар сая сая хүүхэд багачууд болон насанд хүрэгчдийн хайрыг татсаар ирсэн билээ. Ийнхүү автомашины ертөнцийн сонгодог загвар болох Porsche 911 болон хүүхэлдэйн киноны баатрууд нэгдсэн нь кино сонирхогчид болон автомашин цуглуулагчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна.