Дэлхий дахинаа олон сая шүтэн бишрэгчтэй, Америкийн рок хөгжмийн Red Hot Chili Peppers хамтлаг өөрсдийн бүх хөгжмийн бүтээлээ Warner Music Group компанид 300 сая доллараар худалдсан тухай NME мэдээллээ.

Red Hot Chili Peppers нь 1983 онд Лос-Анжелес хотод байгуулагдсан бөгөөд фанк рок, альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Тэдний “Blood Sugar Sex Magik” цомог 1991 онд Warner Music-тэй хамтран гаргасан анхны цомог байсан бөгөөд энэ хамтын ажиллагаа нь хамтлагийг дэлхий дахинд таниулахад чухал нөлөө үзүүлсэн юм.

Хамтлагийн худалдаанд орсон бүтээлүүдийн жагсаалтад “Californication”, “By the Way”, “Stadium Arcadium” зэрэг хамгийн алдартай цомгууд багтаж байгаа бөгөөд эдгээр нь олон улсад борлуулалтаараа тэргүүлж, шүтэн бишрэгчдийнх нь зүрх сэтгэлд хоногшсон билээ.

Warner Music Group нь дэлхийн хамгийн том хөгжмийн компаниудын нэг бөгөөд олон арван жилийн турш Red Hot Chili Peppers хамтлагтай хамтран ажиллаж байгаа туршлагатай. Энэхүү хэлцэл нь Warner Music-т хамтлагийн хөгжмийн бүтээлийг бүрэн эзэмших, түгээх эрхийг олгож байгаа бөгөөд Red Hot Chili Peppers-ийн хувьд санхүүгийн хувьд тогтвортой байдлыг хангаж, цаашдын уран бүтээлдээ анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгож байна гэж үзэж байна.