Дэлхийн томоохон хэлэлцүүлгийн платформ болох Reddit өөрийн сайт дээрх контентыг зохицуулах хийнэл оюун ухааны (AI) шинэ хэрэгсэл болох "Rules Hub"-ийг нэвтрүүлж эхэлснээ зарлалаа. Энэхүү хэрэгсэл нь одоогоор шинээр нээгдэж буй бүх бүлгүүдэд (subreddit) ашиглагдах бөгөөд 700 гаруй бүлэгт туршилтын журмаар ажиллаад байна.

Модераторуудын эсэргүүцэл

Reddit-ийн зүгээс энэхүү системийг ирээдүйд 2015 оноос хойш ашиглагдаж буй "Automoderator" (Automod) хэрэгслийг орлох боломжтой гэж үзэж байна. Одоогийн Automod нь түлхүүр үг болон тодорхой хэв маягт суурилсан дүрэм баримталдаг бол "Rules Hub" нь хэлний том загваруудыг (LLM) ашиглан нийтлэл, сэтгэгдлийн утга агуулгыг үнэлэх зорилготой юм. Reddit-ийн удирдлагын тайлбарлаж буйгаар, энэ нь хэрэглэгчийн бичсэн зүйл доромжлол мөн эсэх, эсвэл зүгээр л киноны ишлэл эсвэл ярианы хэллэг мөн эсэхийг илүү нарийн ялгах боломжийг олгоно.

Гэвч Reddit-ийн сайн дурын модераторууд энэхүү өөрчлөлтөд сэтгэл дундуур байна. Тэдний үзэж буйгаар, шинэ хэрэгсэл нь одоогийн ашиглаж буй Automod-ын гүйцэтгэж буй ажлыг бүрэн орлож чадахгүй байгаа аж. Зарим модераторууд "Rules Hub" нь өөрсдийн тогтоосон дүрмүүдийг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгааг онцолж, Automod-ыг хэвээр үлдээхийг шаардаж байна.

Ирээдүйн төлөвлөгөө

Reddit-ийн зүгээс "Rules Hub" нь одоогоор Automod-ыг бүрэн орлох хэмжээнд хүрээгүй байгааг хүлээн зөвшөөрч, ойрын хугацаанд ямар нэгэн огцом өөрчлөлт хийхгүй гэдгээ мэдэгдлээ. Компанийн төлөөлөгчийн хэлснээр, тэдний зорилго нь модераторуудад зориулсан илүү өргөн хүрээтэй хэрэгслийн багцыг бүрдүүлэх явдал юм. Хэдийгээр Reddit энэ системийг ирээдүйд бүх хэрэглэгчдэд хүргэхээр зорьж байгаа ч, бүх нийтийн туршлага сайжиртал одоогийн системүүдийг цуцлахгүй гэдгээ амласан байна.