Олон улсад алдартай финтек үйлчилгээ болох Revolut компани нь хэрэглэгчиддээ USDT (Tether) стейблкойныг өөрийн платформ дээрээс хасаж байгаа талаар мэдэгдэл хүргүүлжээ. Тус компани энэхүү шийдвэрээ гаргахдаа зохицуулалт болон эрсдэлтэй холбоотой асуудлуудыг гол шалтгаан болгон дурдсан байна.

Revolut-ийн зүгээс гаргасан шийдвэрийн дагуу наймдугаар сарын 31-нээс хойш тус бирж дээр USDT-ийн арилжаа зогсох юм. Энэ хугацаанаас өмнө хэрэглэгчдийн эзэмшилд үлдсэн USDT-ийн үлдэгдлийг тухайн хэрэглэгчийн үндсэн валют руу автоматаар хөрвүүлэх ажээ.

Revolut нь дэлхий даяар олон сая хэрэглэгчтэй, санхүүгийн аппликейшн бөгөөд крипто хөрөнгийн арилжааг хялбарчлах үйлчилгээ үзүүлдэг. Энэхүү өөрчлөлт нь тус компанийн крипто хөрөнгийн бодлого болон эрсдэлийн удирдлагатай холбоотой шинэ алхам болж байна.