Блокчэйн технологи болон крипто төлбөр тооцооны салбарт үйл ажиллагаа явуулдаг Ripple компани Люксембургийн санхүүгийн зохицуулагч байгууллага болох CSSF-ээс крипто хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн урьдчилсан зөвшөөрлийг авлаа. Энэхүү үйл явдал нь зургаадугаар сарын 23-ны өдөр болсон байна.
Тус компанид олгосон энэхүү зөвшөөрлийг "ногоон гэрлийн захидал" буюу урьдчилсан зөвшөөрлийн хэлбэрээр хүргүүлжээ. Ripple-ийн хувьд энэ нь тус улсад хоёрдугаар сард баталгаажуулсан EMI лиценз-тэй нь хамт хэрэглэгдэх чухал алхам болж байгаа юм. Эдгээр хоёр баримт бичгийг нэгтгэснээр тус компани Европын Холбооны крипто хөрөнгийн зах зээлийн зохицуулалт болох MiCA-гийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна.
Гэсэн хэдий ч энэ нь Ripple компанид бүрэн хэмжээний лиценз олгогдсон гэсэн үг биш юм. Одоогоор тус компани MiCA-гийн шаардлагыг бүрэн хангаж, батлагдсан үйлчилгээ үзүүлэгч болохын тулд цаашид нотлох шаардлагатай олон асуудлууд байгааг эх сурвалжид онцолжээ. Иймд Ripple-ийн хувьд энэ нь зохицуулалтын орчинд нэвтрэх эхний шатны ахиц дэвшил гэж ойлгох нь зүйтэй юм.