Roblox платформ дээрх Anime Vanguards хэмээх маш их амжилт олсон тоглоомын хөгжүүлэгч асан нэгэн залуу өөрийгөө төслөөс хууль бусаар хасагдаж, улмаар олсон ашгаас нь шударга бусаар хумсалсан хэмээн үзэж, тоглоомыг эзэмшигчдийг шүүхэд өгсөн тухай мэдээлэл цацагдаж байна.
Anime Vanguards нь Roblox доторх анимэ стилийн тулаант тоглоом бөгөөд маш олон залуусын дунд алдартай болсон. Уг тоглоом нь маш богино хугацаанд олон сая тоглогчтой болж, хөгжүүлэгчдэдээ асар их орлого авчирсан гэдэг.
Мэдээлэлд дурдсанаар, нэхэмжлэл гаргасан хөгжүүлэгч нь тоглоомыг бүтээхэд гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тодорхой хэмжээний хувь эзэмшихээр тохиролцсон аж. Гэвч тоглоом амжилт олсны дараа түүнийг төслөөс хасч, ашгаас нь ямар нэгэн төлбөр өгөхгүй болсон байна. Тэрээр одоо өөрийн хууль ёсны хувийг шаардаж, учирсан хохирлыг барагдуулахаар шүүхэд ханджээ.
Энэ хэрэг нь Roblox зэрэг тоглоомын платформууд дээрх хөгжүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг хөндөж байгаа юм. Ялангуяа залуу, туршлагагүй хөгжүүлэгчид том төслүүдэд оролцохдоо өөрсдийн эрхээ хэрхэн хамгаалах вэ гэдэг нь чухал асуудал болоод байна. Энэ хэргийн үр дүн нь ирээдүйд Roblox болон бусад платформууд дээрх хөгжүүлэгчдийн харилцаанд нөлөөлж магадгүй юм.