“World War Z” болон “John Carpenter’s Toxic Commando” зэрэг тоглоомуудыг хөгжүүлсэн Saber Interactive компани сүүлийн үед олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Тус компанийн хуучин ажилтан эмэгтэй өөрийг нь хөгжүүлэлтийн шатанд байсан “Rideshare “Stimulator”” тоглоомын төслөөс хасч, оронд нь ChatGPT ашиглахаар шийдвэрлэн ажлаас нь халсан хэмээн мэдэгдсэн юм.
Saber Interactive компани эхэндээ энэхүү мэдэгдлийг няцааж байсан боловч тус компанийн гүйцэтгэх захирал (CEO) Matthew Karch-ийн хийсэн тайлбарын дараа нөхцөл байдал улам хачирхалтай болж, үүссэн дуулиан улам дордсон байна.
Гүйцэтгэх захирал Matthew Karch өөрийн гаргасан барьц алдсан мэдэгдэлдээ ажлаас халагдсан хуучин ажилтнаа дооглон тохуурхжээ. Түүнчлэн тэрээр удахгүй гарах тоглоомын зохиолыг бүхэлд нь хэн болох нь тодорхойгүй, нэрээ нууцалсан нэгэн зохиолч бичсэн хэмээн зүтгэсэн байна.