АНУ-ын ресторан, хоолны салбарт томоохон өөрчлөлт гарах нь. Эрүүл хоолны сүлжээ болох Salad and Go компани санхүүгийн хүндрэлийн улмаас бүх салбараа хааж, дампуурлаа зарлалаа. Тус компанийн хувьд өвчлөлийн тохиолдол гарсан нь санхүүгийн хувьд хүнд цохилт болсон гэж үзэж байна.

Энэхүү нөхцөл байдлыг ашиглан Аризона мужид төвтэй кофений алдартай сүлжээ болох Dutch Bros Coffee компани Salad and Go-ийн 51 салбарыг худалдаж авахаар тохиролцжээ. Dutch Bros нь кофе болон ундаагаар дагнасан, машин дотроосоо үйлчлүүлэх боломжтой сүлжээ юм. Талуудын хийсэн тохиролцооны дагуу Dutch Bros компани Аризона болон Невада муж дахь 51 салбарын түрээсийн эрхийг шилжүүлэн авахаас гадна Техас, Оклахома дахь салбаруудын түрээсийн гэрээг ч мөн сонирхож байгаа аж.

Худалдан авалтын шалтгаан

Salad and Go-ийн хувьд 2021 онд хийсэн хэт өргөжин тэлэлтийн улмаас өр зээлийн дарамтад орсон байна. Компанийн зүгээс өөрийн ресторануудыг худалдан авах боломжтой худалдан авагчдыг хайхдаа, яг адилхан машин дотроосоо үйлчлүүлэх форматтай, гал тогооны өрөөний шаардлагагүй (хоол хийх тоног төхөөрөмжгүй) сүлжээнүүдийг сонгох нь зүйтэй гэж үзжээ. Ингэснээр Dutch Bros нь хамгийн тохиромжтой худалдан авагч болсон байна.

Хуулийн бичиг баримтад дурдсанаар, уг наймааны үнэ 105 сая ам.доллар хүрэх бөгөөд одоогоор шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээж байна. Dutch Bros компани нь 1,225 орчим салбартай бөгөөд Salad and Go-ийн байршлуудыг ирэх жил өөрийн брэндэд шилжүүлэн тохижуулахаар төлөвлөж байгаа юм. Энэхүү мэдээлэл гарсны дараа Dutch Bros (NYSE: BROS) компанийн хувьцааны ханш 13 гаруй хувиар унасан байна.