Технологийн ертөнцийн анхаарлыг татаж буй Samsung компанийн шинэ бүтээгдэхүүн болох Galaxy Z Fold 8 Wide загварыг албан ёсны нээлтээс өмнө BTS хамтлагийн гишүүн J-Hope санамсаргүйгээр ил болголоо. Парис хотод болсон BTS-ийн аялан тоглолтын бэлтгэлийн үеэр түүнийг уг утсыг ашиглаж буй бичлэг цахим сүлжээнд тархсан байна.

Энэхүү бичлэгт J-Hope нил ягаан өнгийн өнгөлгөөтэй төхөөрөмжөөр зураг авч байгаа нь харагдах бөгөөд уг төхөөрөмж нь өмнө нь задарсан Galaxy Z Fold 8 Wide загварын зурагтай яг таарч байгаа юм. Samsung болон BTS хамтлаг нь маркетингийн хамтын ажиллагаатай тул уг утас нь тус хамтлагийн гишүүнд илгээгдсэн байх магадлалтай гэж эх сурвалжууд таамаглаж байна. Тус төхөөрөмжийг нээлттэй харуулсан дүрс бичлэг байхгүй тул дотоод дэлгэцийн байдал одоогоор тодорхойгүй хэвээр байна.

Уг загвар нь энэ оны сүүлээр гарах iPhone Ultra Fold-той өрсөлдөх хүлээлттэй байгаа юм. Galaxy Z Fold 8 Wide нь 5.5 инчийн гадаад дэлгэц, 7.6 инчийн дотоод дэлгэц, Snapdragon 8 Elite Gen 5 чипсетээр тоноглогдсон байх төлөвтэй байна. Мөн 12GB RAM, 4,800mAh багтаамжтай батерейтай байх бөгөөд камерын хувьд 50MP-ийн үндсэн болон хэт өргөн өнцгийн линзүүдтэй байх аж. Энэ нь өмнөх загварын 200MP-ийн үндсэн мэдрэгчээс буурсан үзүүлэлт юм.

Samsung компани уг төхөөрөмжийг Galaxy Z Fold 8 Ultra, Galaxy Z Flip 8 болон шинэ ухаалаг цагнуудын хамт Лондон хотод болох Galaxy Unpacked арга хэмжээний үеэр танилцуулахаар төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээ 7-р сарын 22-нд болох бөгөөд технологийн салбарынхан шинэ загваруудыг тэсэн ядан хүлээж байна.