Технологийн зах зээлд санах ой бүхий бүх л төхөөрөмжийн үнэ өссөөр байна. PhoneArena-ийн мэдээлснээр, Samsung компани АНУ дахь хамгийн сүүлийн үеийн тэргүүлэх загвар болох Galaxy S26 цувралынхаа үнийг 10-р сарын 1-нээс эхлэн 100 ам.доллар болон түүнээс дээш дүнгээр нэмжээ.
Samsung компани өнгөрсөн гуравдугаар сард Galaxy S26 цувралаа худалдаанд гаргаснаас хойш зах зээл дээр Apple, Acer, Google, HP, Motorola, Lenovo, Nintendo, Sony болон Xbox зэрэг компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмээд байгаа юм. Ийнхүү үнэ өсөх болсон гол шалтгаан нь хиймэл оюун ухааны (AI) дэд бүтцэд олон их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, зөөврийн компьютер, ухаалаг утас, тоглоомын консолд шаардлагатай санах ойн эд ангиудын хомсдол үүссэнтэй холбоотой ажээ.
Шинэ үнийн дүн ба сонголтууд
Galaxy S26 болон S26 Plus загварууд нь анх худалдаанд гарахдаа л өмнөх S25 цувралаасаа өндөр үнэтэй байсан бол энэ удаагийн өсөлт дахин нөлөөлж байна. Шинэчилсэн үнийн хувьд:
- Galaxy S26 (256GB): 999.99 ам.доллар
- Galaxy S26 Plus (256GB): 1,199.99 ам.доллар
- Galaxy S26 Ultra (256GB): 1,399.99 ам.доллар
Санах ойн багтаамжаас хамааран үнэ өөр байх бөгөөд ерөнхийдөө S26 цувралын загварууд 100 ам.доллароор нэмэгдсэн бол S26 Ultra загварын 1TB хувилбар нь 200 ам.доллароор өссөн байна.
Харин есдүгээр сарын 3-нд танилцуулагдсан Galaxy S26 FE загварын хувьд үнэ нэмэгдээгүй бөгөөд 699 ам.долларын эхлэх үнээр урьдчилсан захиалга авч байгаа бөгөөд 10-р сарын 5-нд худалдаанд гарахаар төлөвлөгджээ. Түүнчлэн Amazon дээр цагаан өнгөтэй Galaxy S26 Ultra загвар 100 гаруй ам.долларын хямдралтай байгаагаас гадна харилцаа холбооны Verizon, T-Mobile зэрэг операторууд хуучин төхөөрөмж солих болон тодорхой нөхцөлөөр ихэвчлэн 1,000 хүртэлх ам.долларын хөнгөлөлт санал болгодог байна.