Технологийн салбарын тэргүүлэгч Samsung компанийн шинэ бүтээгдэхүүнүүд болох Galaxy Z Fold 8, Z Flip 8 болон Z Fold 8 Ultra утаснууд албан ёсоор худалдаанд гарахаасаа өмнө зах зээлд өндөр хүлээлт үүсгээд байна. Эдгээр төхөөрөмжүүд нь наймдугаар сарын 7-нд албан ёсоор худалдаанд гарах ч, урьдчилсан захиалгын тоогоороо тус компанийн өмнөх бүх дээд амжилтыг эвдээд байгааг Mashable сайтад мэдээлжээ.
Зах зээлийн шинэ хандлага
Samsung-ийн мэдээлснээр АНУ-д хийгдэж буй урьдчилсан захиалга өмнөх Z цувралын дээд амжилтаас 30 хувиар илүү байна. Үүний дотор шинээр нэмэгдсэн Galaxy Z Fold 8 загвар нь нийт урьдчилсан захиалгын бараг тал хувийг бүрдүүлж байгаа нь анхаарал татаж байна. Энэхүү үзүүлэлт нь эвхэгддэг утаснууд цаашид жирийн хэрэглэгчдийн дунд илүү түгээмэл болох хандлагатай байгааг илтгэж байна.
Мөн өмнө нь Flip загварын утас хэрэглэж байсан хүмүүс илүү том дэлгэцтэй Fold загвар руу шилжих нь өмнөх үеийнхээс гурван дахин нэмэгдсэн байна. Энэ нь 1,899 ам.долларын үнэтэй Fold 8 болон 2,100 ам.долларын үнэтэй Z Fold 8 Ultra загваруудын хувьд чамлахааргүй өндөр үзүүлэлт юм.
Олон улсын зах зээл дэх амжилт
Энэхүү эерэг хандлага зөвхөн АНУ-аар хязгаарлагдахгүй байна. Өмнөд Солонгос улсад л гэхэд долоо хоногийн хугацаанд 1.44 сая ширхэг утас урьдчилсан захиалгаар зарагджээ. Түүнчлэн Европын зах зээлд ч урьдчилсан захиалгын тоо урьд өмнөхөөс илүү байгааг SamMobile мэдээлсэн байна.
Эвхэгддэг утасны зах зээл анх гарч ирэхдээ үнэтэй, зарим талаараа сонирхол татах төдий бүтээгдэхүүн гэгддэг байсан бол сүүлийн жилүүдэд технологийн хувьд мэдэгдэхүйц сайжирсан нь хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна. Урьдчилсан захиалгын хугацаа дуусахад ердөө хоёр өдөр үлдээд байгаа бөгөөд АНУ-д албан ёсны нээлт нь баасан гарагт болох юм.