Хэрэглэгчдийн дунд чанараараа танигдсан аудио төхөөрөмж үйлдвэрлэгч Sennheiser брэнд задгай хийцтэй анхны утасгүй чихэвч болох Sennheiser Accentum Clip загвараа танилцууллаа. Энэхүү чихэвч нь Shokz OpenDots цуврал болон Bose Ultra Open Earbuds зэрэг зах зээлд тэргүүлэгч төхөөрөмжүүдтэй шууд өрсөлдөхөөр гарч ирж байгаа юм.
Дуугаралтын онцлог ба сул тал
Шүүмжлэгчдийн үнэлгээгээр уг чихэвч нь задгай хийцтэй төрөлдөө худалдаж авч болох хамгийн сайн дуугаралттай төхөөрөмжөөр нэрлэгдэж байна. Тус чихэвч нь 12 мм-ийн динамик драйвертай бөгөөд тод дуугаралт, тэнцвэртэй басс хүргэдэг. Түүнчлэн LDAC кодлогчийг идэвхжүүлснээр дууны нарийн деталь, тод байдал улам нэмэгддэг аж. Мөн аудио ном, подкаст, бичлэг үзэхэд яриаг тодруулах Speech Clarity горимтой.
Гэхдээ чихний сувгийг бүрэн тагладаггүй задгай хийцтэй тул акустик битүүмжлэл үүсдэггүй бөгөөд үүнээс шалтгаалан бүрэн биетэй (full-bodied) дуугаралт гарахгүйг анхаарах хэрэгтэй юм. Үүний зэрэгцээ орчны чимээг сонсох боломжийг хадгалж, гадаад чимээ шуугиан дунд ч дуу хоолойг тод сонсгодгоороо давуу талтай.
Хийц ба ашиглалтын сул талууд
Accentum Clip нь чихэнд хавчих зориулалттай хатуу хуванцар хийцтэй, тоос болон усны хамгаалалтын IP54 үнэлгээтэй гарсан байна. Гэвч хатуу материал болон зузаан батерейн хэсгээс шалтгаалан хоёр цагаас дээш хугацаанд зүүхэд чих өвтгөх, эвгүй мэдрэмж төрүүлэх сул талтай байгааг дурджээ. Цэнэглэгч хайрцаг нь ч төдийлөн бат бөх бус санагддаг байна.
Удирдлагын хувьд мэдрэгч болон дуут команд нь сайн ажилладаг бөгөөд Sennheiser-ийн Smart Control аппликейшнээр дамжуулан эквалайзер болон бусад тохиргоог удирдах боломжтой аж.
Энэхүү шинэ чихэвч нь чанартай дуугаралттай болсон ч хамгийн том асуудал нь Sennheiser уг төхөөрөмжийг АНУ-ын зах зээлд албан ёсоор худалдаалахгүй байхаар шийдвэрлэсэн явдал юм.