Америкийн алдарт Slipknot хамтлаг бол манай залуусын дунд ч гэсэн фэнтэй, хүнд металл хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэй хамтлаг билээ. Тэгвэл тэдний 2008 онд бичүүлсэн, олон жил нууцлаг байсан “Look Outside Your Window” нэртэй цомог нь энэ сарын 20-ны Record Store Day-ээр винил хэлбэрээр худалдаанд гарч, хөгжмийн ертөнцийг шуугиулж байна.

NME зэрэг нэр хүндтэй хөгжмийн сайтууд цомгийг өндрөөр үнэлж, Slipknot-ын өмнөх уран бүтээлүүдээс тэс өөр, сонирхолтой хэв маягтай болохыг онцолжээ. Шүүмжлэгчид цомогт агуулагдах айдас, түгшүүрийг хөгжмийн хэлээр гайхалтай илэрхийлснийг магтсан байна. Энэхүү цомог нь Slipknot-ын гишүүд болох Shawn Crahan, Jim Root, Corey Taylor, Sid Wilson нарын хамтарсан төсөл бөгөөд хамтлагийн үндсэн хэв маягаас хазайсан, илүү туршилтын шинжтэй аялгууг агуулсан гэнэ.

“Look Outside Your Window” цомог нь зөвхөн винил хэлбэрээр хэвлэгдсэн бөгөөд хөгжмийн дэлгүүрүүдээр борлуулагдаж байгаа. Slipknot-ын фэнүүд болон хүнд хөгжим сонирхогчдын дунд эрэлт ихтэй байгаа гэнэ. Энэхүү цомог нь Slipknot хамтлагийн уран бүтээлийн түүхэнд шинэ хуудас нээж, тэдний хөгжмийн цар хүрээ ямар өргөн болохыг дахин нэг удаа баталж байна.