Залуу уран бүтээлч Sombr Лос-Анжелес хотын Kia Forum цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтынхоо үеэр өөрийн үлгэр дуурайл авдаг рок хөгжмийн домгийг тайзнаа урьж, үзэгчдэд гэнэтийн бэлэг барилаа.
Өдгөө 21 настай дуучин түүнийг тайзан дээр гарахын өмнө: “Би энэ хүний уран бүтээлийг сонсож өссөн. Бид бүгд л түүний дуугаар өссөн байх. Тэр бол гайхалтай зөвлөгч, гайхалтай хүн” хэмээн танилцуулсан тухай Rolling Stone мэдээлсэн байна. Улмаар Fleetwood Mac хамтлагийн гишүүн, 77 настай Lindsey Buckingham тайзнаа гарч ирэн, тус хамтлагийн 1977 оны алдарт “Go Your Own Way” дууг цахилгаан гитартайгаар Sombr-той хамтран дуулжээ.
Үүнээс гадна тус үдшийн эхэнд Sombr өөрийн “Back to Friends” дууны хамтаар The Neighbourhood хамтлагийн гоцлол дуучин Jesse Rutherford-ийг урьж, тэдний 2013 оны алдартай бүтээл “Sweater Weather” дууг үзэгчдийн хамт дуулсан байна.
Sombr одоогоор “You Are the Reason” аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа бөгөөд АНУ-ын бусад мужуудаар аялан, цаашлаад 2027 оны эхээр Мехико, Өмнөд Америк, Австрали болон Шинэ Зеландад тоглолтоо хүргэх хуваарьтай байна.