Америкийн алдартай дуучин, телевизийн хөтлөгч Келли Кларксон Брүүклин дэх "Art of Play" дэлгүүртэй үүссэн үл ойлголцлоо улам хурцатгаж, тус дэлгүүрийг худал хэлсэн хэмээн буруутгалаа.
Өдгөө 44 настай дуучин өнгөрсөн амралтын өдрүүдэд X (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулан тус дэлгүүрийн ажилтнууд өөрийг нь барааг нь худалдан авч чадахгүй мэт харьцсан тухай бичиж, энэ явдлыг 1990 оны алдарт "Pretty Woman" киноны хэсэгтэй зүйрлэсэн байна. Үүний хариуд тус дэлгүүр ням гарагт (10-р сарын 11) Инстаграмдаа тайлбар хийхдээ, Кларксоны сонирхсон "Molly" нэртэй дуулж, бүжиглэдэг шувуун робот нь үзүүлбэрт ашиглагддаг бөгөөд хананд бэхлэгдсэн, худалдаалах зориулалтгүй зүйл гэж мэдэгджээ. Мөн дэлгүүрийн зүгээс үйлчлүүлэгчдийг алаг үздэггүйг онцолж, 8 сая хүний шүүмжлэлд өртсөнөө дурдаад, түүний алдарт уран бүтээлийн "What doesn’t kill you makes you stronger" гэх үгээр нийтлэлээ төгсгөсөн байна.
Гэвч Кларксон энэ тайлбарыг няцаан, Инстаграм сторидоо тус шувууны дэргэд 15,000 ам.долларын үнийн шошго байсныг харуулсан зургийг нийтэлжээ. Тэрээр "Та нар зөвхөн бүдүүлэг төдийгүй худалч юм байна" хэмээн бичиж, ажилтан нь үнийг нь хэлээд дараа нь өөр боломжийн зүйл хайж өгье гэж дээрэнгүй хандсаныг өгүүлсэн байна. Мөн тэрээр "Жижиг бизнес эрхэлдэг гэдэг нь дэлгүүрт орж ирсэн хүмүүст дээрэлхүү хандах эрх олгохгүй. Эелдэг байх нь тийм ч хэцүү биш" хэмээн нэмж дурджээ.
"American Idol" шоуны анхны ялагч болж нэрд гарсан Келли Кларксон өнгөрсөн наймдугаар сард хүүхдүүддээ цаг гаргахын тулд долоон улирал үргэлжилсэн өөрийн ток шоугаа өндөрлүүлсэн бөгөөд одоогоор "The Voice" шоуны 30 дахь улиралд шүүгчээр эргэн ирээд байгаа юм.