Хөгжим болон аудио контент түгээгч Spotify компани 2026 оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус тайлангаас харахад тус компани 300 сая Premium захиалагчтай болсон нь аудио стриминг үйлчилгээний салбарт урьд өмнө хэзээ ч бүртгэгдэж байгаагүй үзүүлэлт юм. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад есөн хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Spotify нь АНУ-ын аудио стриминг зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна. Зах зээлийн үнэлгээгээр Apple Music ойролцоогоор 100 сая, харин YouTube Music болон YouTube Premium-ийг нэгтгэн тооцвол 125 сая орчим төлбөртэй захиалагчтай гэсэн тооцоо бий. Гэсэн хэдий ч стриминг үйлчилгээ үзүүлэгч компаниуд захиалагчийн тоогоо олон нийтэд ил тод зарлах нь ховор тул Spotify-ийн энэхүү мэдээлэл нь онцгой тохиолдол болж байна.
Тус компанийн зар сурталчилгаагүй, оффлайн горимд сонсох боломжтой, өндөр чанартай аудио болон дарааллаа удирдах боломжийг олгодог Premium үйлчилгээ сард 12.99 долларын үнэтэй байна. Spotify сүүлийн нэг жилийн хугацаанд үнэгүй хэрэглэгчдийг Premium үйлчилгээнд шилжүүлэхэд чиглэсэн олон шинэ боломжуудыг нэвтрүүлжээ. Үүнд Running Mode, Page Match, концертын тасалбар худалдан авах боломж болон хөгжим, сонсолтын түүхэнд зориулсан хиймэл оюун ухаант чатбот зэрэг багтаж байна.
Компанийн нийт идэвхтэй хэрэглэгчдийн тоо 777 саяд хүрсэн нь өнгөрсөн оныхоос 12 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн нийт орлого 14 хувиар өсөж, 4.8 тэрбум доллар болжээ. Spotify-ийн хамтран гүйцэтгэх захирал Густав Сөдерстрөм мэдэгдэлдээ, тус компани илүү сайн инженерчлэл, шинэ бүтээгдэхүүнүүд болон хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэх арга замууд дээр ажиллаж байгааг онцолсон байна.
Хэдийгээр өсөлттэй байгаа ч Spotify 2026 оны гуравдугаар сард подкастын салбарын ажилтнуудынхаа гурван хувийг цомхотгосон байна.