90-ээд оны хүүхэд багачуудын дурсамж болсон ягаан луу Spyro дахин дэлгэцнээ эргэн ирэх нь тодорхой боллоо. Тоглоом хөгжүүлэгч "A Realm Beyond" студийн удирдлагууд шинэ төслийнхөө талаар анхны мэдээллийг хуваалцаж, энэ нь зөвхөн нэг удаагийн тоглоом бус, цувралын шинэ эриний эхлэл байх болно гэдгийг онцолжээ.
Spyro бол 1998 онд анх PlayStation консол дээр гарч, өөрийн гэсэн өвөрмөц ертөнц, адал явдалтайгаар сая сая тоглогчдын хайрыг татсан домогт тоглоом юм. Хэдийгээр сүүлийн жилүүдэд хуучин ангиудыг шинэчлэн гаргасан ч, шүтэн бишрэгчид нь цоо шинэ түүх, өргөн хүрээтэй ертөнцийг хүлээж байсан билээ.
"A Realm Beyond" студийн зүгээс энэхүү шинэ тоглоомыг "Spyro-гийн түүхэн дэх хамгийн зоригтой хувьсал" хэмээн тодорхойлж байна. Хөгжүүлэгчид тоглоомын график дүрслэл, тоглох явц болон ертөнцийн цар хүрээг бүрэн өөрчилж, орчин үеийн тоглогчдын хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлж байгаа аж. Энэ нь зөвхөн нэг ангиар зогсохгүй, цаашид үргэлжлэх олон цуврал тоглоомуудын эхлэл гэдгийг албаныхан баталлаа.
Одоогоор тоглоом хэзээ худалдаанд гарах болон ямар төхөөрөмжүүд дээр тоглох боломжтой талаарх дэлгэрэнгүй мэдээлэл нууц хэвээр байна. Гэсэн хэдий ч энэхүү мэдээлэл нь тоглоом сонирхогчдын дунд хэдийнэ хүлээлтийг үүсгээд байгаа юм. 90-ээд оны сонгодог тоглоомууд орчин үеийн технологиор дахин амилж байгаа нь өнөөдрийн тоглоомын салбарын хамгийн сонирхолтой чиг хандлагуудын нэг болоод байна.