Биткойны Layer сүлжээ болох Stacks Labs өөрсдийн Bitcoin стэйкингийн дараагийн шат болох “Bond 4” хөтөлбөрөө зарлалаа. Энэхүү шинэ бондын багтаамж нь 1,050 BTC бөгөөд ойролцоогоор 12 дугаар сарын 5-наас эхлэхээр товлогджээ.
Бондын нөхцөл ба өгөөж
Bond 4 нь зургаан сарын хугацаатай бөгөөд жилийн 3%-ийн зорилтот өгөөжтэй байх юм. Шагналыг долоо хоног бүр биткойноор (BTC) олгоно. Гэхдээ уг өгөөжийг авахын тулд стэйк хийх BTC бүрийг түүний үнийн дүнгийн 5%-тай тэнцэх STX токентой хослуулах шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл, Bond 4-ийн 1,050 BTC-ийн багтаамжийг дүүргэхийн тулд харгалзах хэмжээний STX-ийг давхар байршуулах ёстой юм.
Шагналын сан нь 2021 оны нэгдүгээр сараас хойш ажиллаж буй Stacks-ийн Proof of Transfer (PoX) зөвшилцлийн механизмаар дамжин, майнеруудын байршуулсан BTC-ээс бүрддэг байна. Тус платформ 2021 оноос хойш нийт 4,200 гаруй BTC-ийг шагнал болгон тараажээ.
Байгууллагуудын оролцоо ба боломж
Есдүгээр сард эхэлсэн Genesis Bond-оос хойших бүх бондын багтаамж бүрэн дүүрсэн байна. Өмнөх Bond 3-т 21shares дахин оролцсон бол Bullish (NYSE: BLSH) компани хамгийн их Биткойн нөөцтэй олон нийтэд нээлттэй топ-10 компанийн дундаас BTC стэйкинг хийсэн анхны байгууллага болжээ.
Stacks Labs-ийн гүйцэтгэх захирал бөгөөд Stacks-ийн үүсгэн байгуулагч Мунеб Али "Байгууллагуудад зориулан 1,000 гаруй BTC-ийн шинэ багтаамж нээж байгаа нь биткойны өгөөжийн эрэлт хэр хүчтэй болсныг харуулж байна" гэж онцоллоо.
Байгууллагууд BitGo зэрэг баталгаажсан кастодиан үйлчилгээгээр дамжуулан стэйкинг хийх боломжтой. Харин хувь хэрэглэгчдийн хувьд эхлэлтийн үед өөрийн хяналттай (self-custodial) стэйкинг цагаан жагсаалтад (whitelist) багтсан хүмүүст нээлттэй бөгөөд жагсаалтад ороогүй хүмүүс нэгдсэн сангаар (pooled) дамжин оролцох боломжтой юм. Энэ үед хэрэглэгчийн BTC нь Bitcoin L1 сүлжээн дээр өөрийнх нь хяналтад үлддэг байна.