Сидней хотоос гаралтай рок урсгалын Stand Atlantic хамтлаг шинээр гаргасан ‘GODBREATH’ цомгоороо Австралийн цомгийн нэгдсэн ARIA чартыг анх удаа тэргүүллээ. Энэ долоо хоногт винил пянзны борлуулалтаараа тэргүүлсэн уг цомог нь тэдний ARIA чартын шилдэг 30-д багтсан дөрөв дэх бүтээл болж байна. Өмнө нь тус хамтлагийн ‘Pink Elephant’ (2020 онд 23-р байр), ‘F.E.A.R.’ (2022 онд 10-р байр), ‘Was Here’ (2024 онд 3-р байр) цомгууд тус тус чартад бичигдэж байв.

Хамтлагийн зүгээс гаргасан мэдэгдэлдээ “GODBREATH цомог Австралийн 1-р байранд орлоо! Биднийг болон Австралийн хөгжмийг дэмждэгт маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Вокал, гитарчин Бонни Фрэйзерээр ахлуулсан тус хамтлаг Их Британид Simple Plan хамтлагтай хийсэн аялан тоглолтоо саяхан дуусгаад эх орондоо тоглолтоо үргэлжлүүлж байгаа бөгөөд удахгүй АНУ-ыг зорьж 'Vans Warped Tour Orlando' болон Story of the Year, Silverstein хамтлагуудтай хийх аялан тоглолтодоо оролцох гэж байна.

‘GODBREATH’ нь 2026 онд Австралийн чартыг тэргүүлсэн дөрөв дэх нутгийн уран бүтээлчийн цомог болсон юм. Мөн энэ долоо хоногийн шинэ чартын шилдэг 10-т Дан Султаны ‘Little Miracles’ 5-р байранд, Boo Seeka төслийн ‘Cigarettes On Sundown’ цомог 10-р байранд тус тус шинээр орж иржээ.

Үүнээс гадна BLACKPINK хамтлагийн гишүүн, Тайландын дуучин, реппер Лиса өөрийн бие даасан анхны ‘Press Play’ EP цомгоороо ARIA чартын 34-р байранд бичигдлээ. Ингэснээр тэрээр тус хамтлагаас бие даасан уран бүтээлээрээ Австралийн чартын шилдэг 50-д багтсан гурав дахь гишүүн болсон байна. Өмнө нь тус хамтлагийн гишүүн Рөүз 2024 онд, Женни 2025 онд гаргасан цомгоороо тус бүр 2-р байранд хүрч байжээ.

ARIA-гийн бусад үзүүлэлтүүдээс дурдвал, Tate McRae-ийн “Housewife” дуу ARIA Singles Chart буюу шилдэг дууны чартыг хоёр дахь долоо хоногтоо дараалан тэргүүлсэн бол Уэльсийн дуучин Жэйми Миллерийн “Babydoll” дуу 27-р байрнаас 9-р байр луу ахин шилдэг 10-т оржээ.