Өмнө нь MicroStrategy нэрээрээ танигдсан, дэлхийн хамгийн том корпорац биткойн эзэмшигч Strategy компани өнгөрсөн долоо хоногт энгийн хувьцаагаа (MSTR) борлуулан босгосон 333.7 сая ам.долларыг бүгдийг нь давуу эрхийн хувьцааны үүрэг болон бэлэн мөнгөний нөөцдөө зарцуулжээ.

АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд (SEC) 8-р сарын 17-нд ирүүлсэн тайланд дурдсанаар, тус компани 8-р сарын 10-наас 16-ны хооронд 3.45 сая ширхэг MSTR хувьцаа зарсан байна. Босгосон мөнгөнөөс 52.4 сая ам.долларыг STRC давуу эрхийн хувьцааны ногдол ашигт, 132.2 сая ам.долларыг STRC хувьцаагаа эргүүлэн худалдан авахад, харин 149.1 сая ам.долларыг ам.долларын нөөцөө 4.8 тэрбумд хүргэн нэмэгдүүлэхэд тус тус ашиглажээ.

Биткойны худалдан авалт зогсонги байдалд оржээ

Энэ хугацаанд Strategy компани нэг ч биткойн худалдан аваагүй бөгөөд нийт эзэмшил нь 840,447 BTC хэвээр үлдсэн байна. Тус компани эдгээр биткойноо нийт 63.36 тэрбум ам.доллароор буюу нэг бүрийг нь дунджаар 75,385 ам.доллароор авч байжээ. Strategy 6-р сарын 21-нээс хойш биткойны нөөцөө нэмээгүй төдийгүй сүүлийн хоёр сарын хугацаанд 7,000 орчим биткойн зарж, STRC хувьцааг эргүүлэн худалдан авахад 347 сая орчим ам.доллар зарцуулаад байгаа аж.

Saylortracker-ийн мэдээллээр сүүлийн хоёр сарын хугацаанд биткойны ханш ойролцоогоор 10% унасан бол Strategy-ийн MSTR хувьцааны ханш 35% орчим буурчээ.

Нэгэн хувьцаа эзэмшигч удирдлагыг шүүмжлэв

Энэхүү стратеги нь 8-р сарын 17-ны хөрөнгө оруулагчдын асуулт, хариултын үеэр шүүмжлэл дагуулсан байна. Тодруулбал, нэгэн хувьцаа эзэмшигч компани энгийн хувьцаа гарган давуу эрхийн үнэт цаасаа дэмжиж байгааг шүүмжилж, MSTR нь удирдлагын хамгийн бага анхаардаг зүйл болсон мэт харагдаж байна хэмээн гомдол илэрхийлжээ.

Харин гүйцэтгэх захирал Фонг Ле энэхүү шүүмжлэлийг няцааж, MSTR-ийн үнэ цэнийг сэргээх нь нэгж хувьцаанд ногдох биткойны хэмжээг өсгөхөөс хамаарна гэдгийг онцолсон юм. Түүний үзэж буйгаар STRC-ийг үр дүнтэй ажиллуулах нь ирээдүйд биткойн худалдан авах санхүүжилт босгох гол арга замуудын нэг бөгөөд компанийн үндсэн зорилго нь биткойн худалдан авч балансдаа байршуулах хэвээр байгаа ажээ.