Интернет орчинд хиймэл оюун ухаан (AI)-аар бүтээсэн контент ихсэж байгаатай холбогдуулан хүний гараар бүтээгдсэн болон AI-ийн бүтээлийг ялгахад бэрхшээл тулгарч байна. Зураг, дүрс бичлэгийн нэгэн адил Spotify зэрэг хөгжмийн стриминг платформууд дээр хиймэл оюун ухаанаар үүсгэсэн дуу хөгжим олширч байгаа юм.
Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хамгийн алдартай компаниудын нэг болох Suno нь уг асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тус компанийн гүйцэтгэх захирал бөгөөд үүсгэн байгуулагч Майки Шулман өөрийн блогтоо хиймэл оюун ухааны контентыг тэмдэглэх нь салбарын шинэ стандартыг мөрдөхөд зайлшгүй шаардлагатай алхам гэдгийг онцолсон байна.
Удахгүй Suno-ийн загваруудаас гарах бүх аудио гаралтад дижитал таних тэмдэг суулгах аж. Ингэснээр хөгжмийн платформууд тухайн контентыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэнийг тэмдэглэх, эсвэл бүрмөсөн хориглох сонголттой болох юм. Гэвч Майки Шулман энэ ажилд өөрийн дотоод шийдлийг ашиглах эсвэл Google-ийн SynthID гэх мэт бэлэн технологид найдах эсэхээ одоогоор тодорхой хэлээгүй байна.
Google компани саяхан SynthID технологио бусад компаниудад ашиглуулах эрх олгож эхэлсэн билээ. Тэдний мэдээлснээр, уг технологи нь Gemini загваруудаар үүсгэсэн 60,000 жилийн урттай аудио болон 100 тэрбум гаруй зураг, дүрс бичлэгийг тэмдэглэхэд ашиглагдаад байгаа юм.