АНУ-ын харилцаа холбооны томоохон оператор T-Mobile компанийн сүлжээнд Даваа гарагт томоохон доголдол үүсэж, олон сая хэрэглэгчийн гар утас "SOS" горимд шилжсэн асуудал гарлаа. Энэхүү саатлын улмаас тус компанийн үйлчилгээг ашигладаг хэрэглэгчид сошиал медиа орчинд ихээхэн шүүмжлэл өрнүүлээд байна.

Хэдийгээр T-Mobile компани албан ёсоор уучлалт гуйсан ч саатлын шалтгааныг одоогоор тайлбарлаагүй байгаа юм. Mashable агентлаг энэ талаар тодруулахаар удаа дараа холбогдсон боловч компани ямар нэгэн хариу өгөөгүй байна. Гэсэн хэдий ч сүлжээний доголдолд өртсөн хэрэглэгчид өөрсдийн төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой талаар мэдээлэл гарч эхэлжээ.

Зарим хэрэглэгчид T-Mobile-ын харилцагчийн үйлчилгээтэй холбогдож, дараагийн сарын төлбөрөөсөө дор хаяж 20 долларын хөнгөлөлт авсан тухай олон эх сурвалж мэдээлж байна. Reddit сүлжээний нэгэн хэрэглэгч сүлжээний саатлын улмаас ажлын боломжоо алдсан гэдгээ тайлбарлан, нийтдээ 80 долларын хөнгөлөлт авч чадсан гэдгээ хуваалцжээ. Үүнтэй төстэй тохиолдолд, өнгөрсөн нэгдүгээр сард Verizon компанийн сүлжээ доголдоход бүх хэрэглэгчдэдээ 20 долларын хөнгөлөлт олгож байсан туршлага бий.

Эдгээр хөнгөлөлт нь автоматаар олгогдохгүй бөгөөд хэрэглэгчид өөрсдөө T-Mobile-ын харилцагчийн үйлчилгээтэй биечлэн холбогдож, гомдлоо гаргах шаардлагатай байгааг анхаарах хэрэгтэй. T-Mobile компани 2026 оны хоёрдугаар улирлын тайлангаараа 22.7 тэрбум долларын орлого олж, ашиг нь өссөн гэдгээ мэдэгдсэн ч саяхан гарсан техникийн доголдлын талаарх мэдээллээ нууцалсаар байна.