Зодооны алдарт Tekken 8 тоглоомын 3.02.01 хувилбарын шинэчлэл наймдугаар сарын 20-нд албан ёсоор тоглогчдын гарт очлоо. Энэхүү шинэчлэлээр Bob дүрийн урьдчилсан хандалт (early access) нээгдсэнээс гадна тоглоомын нийтлэг хоёр механик өөрчлөлт болон олон дүрүүдийн тохиргоонууд багтжээ.
Хэдийгээр шинэчлэлийн тэмдэглэл нэлээд урт гарсан ч энэ удаагийн өөрчлөлт нь тоглоомын тэнцвэрийг бүхэлд нь хамарсан өргөн хүрээний шинэчлэлт биш бөгөөд дүрийн цохилтын хүч (damage)-ийг шууд өөрчилсөн тохиолдол бараг байхгүй байна. Тоглоомын дүрүүдийн ихэнхэд зориулан цохилтын хүрээ (hitbox), чиглэл дагах (tracking), биетийн мөргөлдөөн (collision), эсрэг хөдөлгөөн (reversals), байрлал болон тооцоолсноор ажиллахгүй байсан харилцан үйлчлэлүүдийн алдааг засжээ.
Тоглоом хөгжүүлэгч Bandai Namco компани мэргэжлийн тэмцээнүүдэд өндөр нөлөө үзүүлдэг хөдөлгөөнүүдэд голлон анхаарч, тэнцвэржүүлэх өөрчлөлтийг хийсэн байна. Тухайлбал, Bryan, Nina, Lili, Kazuya, Clive зэрэг хэд хэдэн дүрүүдийн зарим онцлог хөдөлгөөнүүдийг сулруулсан (nerf) боловч эдгээр нь ч мөн шууд тоон үзүүлэлтийн өөрчлөлт биш ажээ.