Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани бүрэн бие даасан таксины зориулалттай Cybercab загвараа албан ёсоор үйлчилгээнд гаргалаа. Пүрэв гарагт нээлтээ хийсэн тус үйлчилгээг хэрэглэгчид Robotaxi аппликэйшнээр дамжуулан дуудах боломжтой болсон байна.
Компанийн Robotaxi сүлжээнд Tesla Model Y, Robovan болон шинээр нэмэгдсэн Cybercab багтаж байгаа бөгөөд уг сүлжээ Остин, Даллас, Хьюстон, Майами, Орландо, Тампа хотуудад ажиллаж байна. Гэхдээ Cybercab загвар нь одоогоор зөвхөн Остин хотод үйлчилж байгаа аж. Tesla компани X хуудсаараа дамжуулан "Остинд ирээдүй ирлээ" хэмээн нийтэлжээ.
Жолооны хүрдгүй цоо шинэ шийдэл
Анх 2024 онд танилцуулагдсан Cybercab нь жолооны хүрд болон дөрөөгүй тул жолооч суугаад шууд жолоодох боломжгүй, анхнаасаа бүрэн автомат жолоодлогод зориулагдсан тээврийн хэрэгсэл юм. The New York Times сонины мэдээлснээр, Остин хот дахь Tesla-ийн 314 тээврийн хэрэгсэл бүхий паркад ердөө 45 ширхэг Cybercab ажиллаж байгаа аж.
Энэхүү шинэ таксигаар зорчсон зарим хэрэглэгчид сэтгэгдлээ хуваалцжээ. Тухайлбал, Сойер Мерритт (Sawyer Merritt) эхнэрийн хамт Cybercab-д сууж буй бичлэгээ X платформд нийтэлж, хоёр хүний суудалтай уг машины салон маш цэлгэр, зөөлөн явдалтай, FSD систем нь маш жигд ажиллаж буйг болон доторх дэлгэц нь асар том байгааг онцолсон байна.
Ташрамд дурдахад, Cybercab-ийг хувь хүмүүс өөрсдөө худалдан авах боломжгүй юм. Харин өөрсдийн Robotaxi сүлжээг байгуулах сонирхолтой флотын захиалагчдад зориулан Tesla сонирхол бүртгэх маягт нээгээд байна.