Дэлхийн рок хөгжмийн түүхэнд өөрийн гэсэн томоохон хуудсыг үлдээсэн, Британийн домогт The Beatles хамтлагийн анхны албан ёсны музей 2027 онд Лондон хотноо нээлтээ хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Музей нь хамтлагийн алдарт дээвэр дээрх тоглолт болж байсан 3 Savile Row дахь байранд байрлах юм байна.
The Beatles бол 1960-аад оны эхэн үеэс дэлхийг шуугиулж, рок хөгжмийн хөгжилд асар их нөлөө үзүүлсэн Английн Ливерпуль хотоос гаралтай хамтлаг билээ. Жон Леннон, Пол Маккартни, Жорж Харрисон, Ринго Старр нараас бүрдсэн энэ хамтлаг нь “Hey Jude”, “Let It Be”, “Yesterday” зэрэг олон арван алдартай дуугаараа өнөөг хүртэл залуусын зүрх сэтгэлд хоногшин үлдсэн юм.
Музейн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа ч The Beatles-ийн фенүүд болон хөгжмийн түүх сонирхогчдын хувьд энэ нь үнэхээр гайхалтай үйл явдал болж байна. Музейг нээснээр The Beatles хамтлагийн уран бүтээл, түүхэн ач холбогдлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой юм.