Америкийн алдарт The Killers рок хамтлагийн үүсгэн байгуулагч, гитарчин Дэйв Кюнинг хоёр долоо хоногийн өмнө тархиндаа хүнд хэлбэрийн цус харваж, яаралтай хагалгаанд орсноо олон нийтэд мэдээллээ. Өдгөө 50 настай уран бүтээлч энэ тухайгаа пүрэв гарагт (11-р сарын 26) Instagram хуудсаараа дамжуулан хуваалцсан байна.
Түүний бичсэнээр цусны бүлэнгээс болж тархины баруун хэсгийн цусан хангамж тасарсан байжээ. "Эхнэр минь түргэн шуурхай арга хэмжээ авсны ачаар би шууд эмнэлэгт хүргэгдэн хагалгаанд орсон. Цус харваснаас хойших эхний нэг цаг эмнэлэгт очиход хамгийн эгзэгтэй үе байдаг" хэмээн тэрбээр онцолсон байна. Тэрбээр эмнэлэгт хүрэх үедээ нэг нүд нь харахаа больж, биеийн зүүн тал нь мэдээгүй болсон байсан ч тухайн үедээ цус харваж байгаагаа ч мэдээгүй байжээ.
Эмч нар түүнд 40 хувийн амьд үлдэх магадлал өгч, насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болж магадгүйг сануулсан ч "ямар нэгэн гайхамшгаар миний бие зүгээр болсон" гэж Кюнинг дурджээ. Түүнчлэн мэс засал дууссаны дараа сэрээд хамгийн түрүүнд гитар тоглож чадах эсэхээ шалгасан бөгөөд урьдынх шигээ маш сайн тоглож чадаж байгаагаа илэрхийлсэн байна.
Лас-Вегасаас гаралтай тус хамтлагийн гишүүн Кюнинг 2017 оноос хойш хамтлагтайгаа аялан тоглолт хийхээ больсон ч 2021 оны "Pressure Machine" цомогт хамтран ажилласан юм. Мөн тэрбээр Keuning нэрээр "Prismism" (2019) болон "A Mild Case of Everything" (2021) хэмээх бие даасан хоёр ч цомог гаргажээ.
The Killers хамтлаг нь 2017 оны "Wonderful Wonderful" цомгоороо Billboard 200 жагсаалтыг анх удаа тэргүүлж байсан бөгөөд Их Британийн цомгийн албан ёсны жагсаалтыг найман ч удаа тэргүүлсэн амжилттай. Тэдний 2004 оны "Mr. Brightside" дуу нь 2021 онд Их Британийн шилдэг дууны жагсаалтад 260 долоо хоног багтсан анхны уран бүтээл болж байв. Хамтлагийн дуучин Брэндон Флауэрс 8-р сард гурав дахь бие даасан цомгоо гаргасан бөгөөд The Killers-ийн дараагийн цомог 2027 онд гарна гэсэн хүлээлттэй байгаагаа мэдээлсэн билээ.