The New York Times (NYT) өөрийн тоглоомын каталогтоо шинээр нэгтгэсэн Pips хэмээх тоглоомоо танилцуулаад байна. 2025 оны наймдугаар сард анхлан гарсан уг тоглоом нь уламжлалт домино тоглоомыг өвөрмөц байдлаар өөрчилсөн бөгөөд ганц тоглогч тоглоход зориулагдсан сонирхолтой хувилбар юм. Энэхүү тоглоом нь таны өдөр тутмын тоглоомын шинэ дадал болж магадгүй хэмээн Mashable онцолжээ.

Одоогоор уг тоглоомд гацаж, урагшлах боломжгүй болсон үед зөвхөн тааврыг бүхэлд нь ил болгох сонголтыг санал болгодог байна. Энэ тохиолдолд тоглогч дараагийн хүндрэлийн түвшин рүү шилжиж, тоглоомыг шинээр эхлүүлэх шаардлагатай болдог ажээ.

Pips тоглоомыг хэрхэн тоглох вэ?

Хэрэв та өмнө нь домино тоглож байсан бол Pips тоглоомын зарчмыг гадарлах байх. Тоглоомын хавтангуудыг доминотой адил босоо эсвэл хэвтээ байдлаар байрлуулж, хооронд нь холбодог. Гэхдээ уламжлалт доминоноос ялгагдах гол ялгаа нь тоглогчдоос өнгөөр ялгасан тусгай нөхцөлүүдийг биелүүлэхийг шаарддагт оршино. Хоорондоо шүргэлцэж буй хавтангуудын тоо заавал ижил байх албагүй.

Тоглогчийн биелүүлэх ёстой шаардлагууд нь тухайн өнгөтэй хэсэгт зориулагдсан байдаг. Жишээлбэл, хэрэв тухайн хэсэгт нэг тоо өгөгдсөн байвал тэрхүү өнгөтэй талбайд байрлах хавтангийн тал бүрийн цэгүүдийн нийлбэр нь тухайн тоотой тэнцүү байх ёстой. Хавтангийн зөвхөн тал хэсэг нь өнгөт хэсэгт багтах тохиолдол түгээмэл гардаг байна.

Тоглоомын явцад дараах үндсэн нөхцөлүүд таарна:

* Number (Тоо): Тухайн талбай дахь бүх цэгүүдийн нийлбэр нь заасан тоотой тэнцүү байх ёстой.
* Equal (Тэнцүү): Тухайн талбай дахь доминоны хагас бүрийн цэгийн тоо хоорондоо ижил байна.
* Not Equal (Тэнцүү биш): Тухайн талбай дахь доминоны хагас бүрийн цэгийн тоо бүгд өөр өөр байна.
* Less than (Бага): Тухайн талбай дахь доминоны хагас бүрийн цэгийн тоо заасан тооноос бага байна.
* Greater than (Их): Тухайн талбай дахь доминоны хагас бүрийн цэгийн тоо заасан тооноос их байна.

Хэрэв ямар нэгэн өнгөөр будаагүй талбай байвал тэнд байрлах доминоны хэсгүүдэд ямар нэгэн тусгай нөхцөл, шаардлага тавигдахгүй.