Өнөө үед хүн бүр л ухаалаг утастай болсон. Зарим нь утсаараа кино үзэж, хөгжим сонсож, найз нөхөдтэйгөө харилцаж, мэдээ уншиж, тоглоом тоглож, ажил хүртэл хийдэг. Гэхдээ зарим хүмүүс үнэхээр л утаснаасаа салахгүй амьдарч байна. Тэд өдөрт хэдэн цагийг утсаараа оролдож өнгөрөөдөг бол?

Wired сэтгүүл саяхан нэгэн сонирхолтой нийтлэл нийтэлжээ. Тэд утсандаа маш их цаг зарцуулдаг хүмүүстэй ярилцсан байна. Эдгээр хүмүүс өдөрт дунджаар 10-аас дээш цагийг утсаараа оролдож өнгөрөөдөг гэнэ. Зарим нь бүр 16 цаг хүртэл утсаа ашигладаг аж. Тэдний ихэнх нь энэ зуршлаа донтолт гэж боддоггүй бөгөөд утас нь тэдний амьдралын салшгүй нэг хэсэг болсон гэж үздэг байна.

Сошиал медиа донтолтын талаарх маргаан өрнөж байгаа ч тэд цаашид ч утаснаасаа салах бодолгүй байгаагаа илэрхийлжээ. Тэдний хувьд утас нь зүгээр л зугаацах хэрэгсэл биш, харин ажил, харилцаа холбоо, мэдээлэл авах гол хэрэгсэл нь юм байна.

Гэхдээ энд нэг анхаарах зүйл бий. Хэт их цагийг дэлгэцний өмнө өнгөрөөх нь нүдний хараа муудахаас гадна сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Тиймээс залуус бид дэлгэцний цагаа хянаж, цагийг үр дүнтэй өнгөрөөхийг хичээх хэрэгтэй болов уу. Утас хэрэгтэй ч, амьдрал үүнээс илүү өргөн дөө!