Санхүүгийн Samurai гэх нэртэй, АНУ-д санхүүгийн чиглэлээр нийтлэл бичдэг нэгэн эрхэм Хавайд амарч байхдаа 94 настай ээжийгээ асрамжийн газарт өгсөн хүнтэй таарчээ. Тэрээр өөрийн эцэг эх нь 78, 80 настай тул энэ асуудал түүний анхаарлыг ихэд татсан байна.

Учир нь хөгшчүүлийн асрамжийн төлбөр нь ихэнх хүмүүсийн бодож байгаагаас хамаагүй өндөр байдаг аж. АНУ-д л гэхэд сарын дундаж төлбөр нь хэдэн мянган доллар байдаг гэнэ. Энэ нь зөвхөн үндсэн үйлчилгээний төлбөр бөгөөд нэмэлт эмчилгээ, асаргаа шаардлагатай бол төлбөр улам өсөх болно.

Манай улсад ч гэсэн ахмад настнуудын асрамжийн асуудал тулгамдсан асуудал болоод байна. Улаанбаатар хотод хувийн хэвшлийн хэд хэдэн асрамжийн газар байдаг ч төлбөр нь өндөр, чанар нь хангалтгүй гэсэн шүүмжлэл их гардаг. Төрийн зүгээс ч асрамжийн газруудыг дэмжих, чанарыг сайжруулах чиглэлээр анхаарал хандуулах шаардлагатай байна.

Залуучууд бид эцэг эхээ хүндэлж, асарч халамжлах нь чухал ч, хөгшчүүлийн асрамжийн төлбөрийн асуудал нь эдийн засгийн хувьд хүнд ачаа үүрүүлж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Тиймээс эртнээс санхүүгийн төлөвлөгөө гаргаж, урт хугацааны хадгаламж хийх нь зүйтэй болов уу.