Канадын супер од, дуучин The Weeknd 2026 онд Азийн орнуудаар аялан тоглолтоо хийхээр болсноо зарлалаа. Түүний "After Hours Til Dawn Stadium Tour" аялан тоглолт 2022 оноос эхэлсэн бөгөөд 2026 оны есдүгээр сарын 20-нд Японы Belluna Dome-д эхлэх 11 тоглолтоор өндөрлөх юм байна.

The Weeknd (жинхэнэ нэр нь Абель Макконен Тесфайе) нь дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчтэй, орчин үеийн поп хөгжмийн хамгийн том төлөөлөгчдийн нэг юм. Тэрээр "Blinding Lights", "Starboy", "Can't Feel My Face" зэрэг олон хит дуугаараа алдартай.

Тоглолтын тов, байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаашид зарлах болно. Монгол залуус бидний хувьд The Weeknd-ийн Азид хийх тоглолтууд манай улсад ойрхон болох нь түүнийг амьдаар нь үзэх гайхалтай боломж гэж үзэж байна. Тиймээс бид тоглолтын мэдээллийг анхааралтай ажиглаж, та бүхэндээ цаг тухайд нь хүргэх болно.