Дэлхийн алдартай богино хэмжээний видео платформ болох TikTok нь хэрэглэгчдийг шууд дамжуулалтын үеэр хооронд нь холбох зорилготой байсан болзооны шинэ функцийн туршилтаа түр зогсоожээ. Энэхүү функц нь аппликейшний "hangout" хэсэгт байршиж байсан бөгөөд Business Insider-ийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногоос эхлэн хэрэглэгчдийг "гайхалтай хүмүүстэй" танилцах боломжтой чатын өрөөнүүдэд урьж эхэлсэн байна.
Тус туршилтын хүрээнд үүсгэсэн чатын өрөөнүүд нь болзоотой холбоогүй сэдвүүдээс эхлээд бэлгийн шинж чанартай агуулга бүхий өрөөнүүд хүртэл олон төрлийн сэдвийг хамарч байжээ. Тухайлбал, тодорхой бүлэг хүмүүст чиглэсэн сонирхлын чатын өрөөнүүд ч үүсгэгдэж байсан аж.
TikTok-ын төлөөлөгчийн мэдээлснээр, энэхүү туршилтыг АНУ болон бусад цөөн хэдэн зах зээлийн хэрэглэгчдийн дунд явуулж байсан бөгөөд одоогоор "hangout" хэсгийн өргөн хүрээтэй туршилт болон уг функцийн үйл ажиллагааг бүхэлд нь түр зогсоосон байна. Мөн тус компаниас хэрэглэгчдийг өөрсдийн дагадаггүй контент бүтээгчийн болзооны шууд дамжуулалт руу чиглүүлэхгүй байх бодлого баримталж байгаагаа мэдэгджээ.
TikTok-ын одоогийн дүрэм журмын дагуу шууд дамжуулалтыг зөвхөн 18-аас дээш насны хэрэглэгчид хийх боломжтой бөгөөд 18-аас доош насны өсвөр насныханд "хязгаарлагдмал агуулга" санал болгодоггүй байна. Хэдийгээр TikTok нь албан ёсны болзооны аппликейшн биш боловч хэрэглэгчид уг платформыг ашиглан бие биетэйгээ танилцаж, харилцаа тогтоох явдал түгээмэл байдаг.
Одоогоор Meta компани нь Facebook Dating үйлчилгээгээрээ дамжуулан болзооны зах зээлд албан ёсоор нэвтэрсэн анхны томоохон сошиал медиа платформ болоод байгаа бөгөөд тус үйлчилгээ нь 20 сая гаруй хэрэглэгчтэй гэж үздэг.