Илон Маскийн сүүлийн үеийн үйл ажиллагааг шүүмжилсэн "Musk" хэмээх шинэ баримтат киноны сурталчилгааны албан ёсны хаягийг TikTok платформ бүрмөсөн түдгэлзүүлсэн талаар The Hollywood Reporter (THR) мэдээллээ. Уг кино нь одоогоор АНУ даяар бараг 500 кино театрт гарч байгаа юм.

TikTok уг шийдвэрээ "улс төрийн агуулга" гэсэн дүрэм журам зөрчсөн шалтгаанаар тайлбарласан боловч тухайн хаяг яг ямар үйлдэл гаргасныг тодорхой дурдаагүй байна. Киног түгээгч Bleecker Street компани уг шийдвэрийг давж заалдаж байгаа ч үзэгчдийн кино үзэх магадлал өндөр амралтын өдрүүдэд хаяг нь хаалттай хэвээр үлджээ. THR-ийн мэдээлснээр киног зах зээлд сурталчлахын тулд TikTok дээр төлбөртэй сурталчилгаа явуулахаар төлөвлөж байсан нь ийнхүү саатаж байгаа аж.

Илон Маск өөрөө TikTok-ийг эзэмшдэггүй, санхүүгийн болон бусад ямар ч хамааралгүй юм. Гэсэн хэдий ч тус платформыг Oracle-ийн үүсгэн байгуулагчдын нэг Ларри Эллисон хэсэгчлэн эзэмшдэг байна. Мөн уг баримтат кинонд Эллисон Маск руу зурвас илгээн, Twitter-ийг худалдаж авахад нь санхүүгийн туслалцаа үзүүлэхийг санал болгож буй хэсэг гардаг ажээ. Гэхдээ энэ нь уг хаяг хаагдсантай ямар нэгэн холбоотой эсэх нь тодорхойгүй бөгөөд TikTok албан ёсоор тайлбар өгөх хүртэл бодит шалтгааныг мэдэх боломжгүй байна.

Mashable-ийн ахлах технологийн сэтгүүлч Мэтт Биндер тус киноны тоймдоо уг бүтээлийг "маш хурц шүүмжлэлтэй" гэж тодорхойлсон ч үнэн бодитой хандсаныг нь тэмдэглээд, "кинонд Маск өөрийн үйлдэл, үгээрээ өөрийгөө дахин дахин нүүр лүүгээ цохиж буйг харуулсан" гэжээ.