Богино хэмжээний бичлэгийн TikTok платформ хэрэглэгчдийн худалдан авалт хийх туршлагыг үндсэн сүлжээнээсээ тусгаарлаж, бие даасан TikTok Shop аппликэйшнийг зарим зах зээлд чимээгүйхэн гаргаж эхэлжээ.
Энэхүү шинэ аппликэйшнийг одоогоор Сингапур, Малайз, Тайланд болон Филиппин зэрэг Зүүн өмнөд Азийн дөрвөн улсад iOS болон Android үйлдлийн систем дээр ашиглах боломжтой болгосон байна. Тус апп нь хэрэглэгчдэд зориулсан барааны тусгай санал, шууд дамжуулалт болон богино бичлэгүүд, төлбөр тооцоо, захиалга хянах хэсэг болон 24/7 хэрэглэгчийн үйлчилгээтэй аж. Мөн шинэ хэрэглэгчдэд зориулсан урамшуулал, үнэгүй хүргэлт зэрэг онцгой хөнгөлөлтүүдийг санал болгож буйг Apple App Store дахь мэдээллээс харж болно.
Худалдааны зах зээл дэх өрсөлдөөн
Google Play дээр тус апп 50,000 гаруй таталттай байгаа бол Сингапурын Apple App Store-ын худалдааны ангилалд 71-р байранд бичигдсэн байна. Сингапурын App Store дахь жагсаалтад аппын үйлчилгээ үзүүлэгчээр TikTok Pte. Ltd. нэртэй компанийг нэрлэсэн бөгөөд энэ нь АНУ дахь TikTok-ийг удирддаг TikTok USDS хамтарсан үйлдвэрээс тусдаа аж ахуйн нэгж юм. Уг шинэ худалдааны апп нь цаашид АНУ-ын зах зээлд нэвтрэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Тусдаа аппликэйшн гаргаснаар TikTok нь хэрэглэгчдийн дунд Amazon болон Temu зэрэг худалдааны томоохон платформуудтай өрсөлдөх боломж бүрдэж магадгүй юм. Хэдийгээр апп дотор бичлэг, шууд дамжуулалт хэвээр үлдсэн ч хэрэглэгчдийн аппыг нээх гол зорилго нь шууд худалдан авалт хийхэд чиглэж байна.