Дэлхийн хамгийн алдартай танилцах аппликейшнүүдийн нэг болох Tinder нь өөрийн апп доторх «Events» буюу арга хэмжээний функцийг илүү олон хотод нэвтрүүлж эхэллээ. Өмнө нь Лос-Анжелес хотод туршилтын журмаар хэрэгжүүлж байсан энэхүү шийдлийг одоо АНУ-ын Нью-Йорк, Даллас, Денвер, Канзас-Сити, Финикс болон Европын Берлин, Мюнхен, Цюрих, Женев зэрэг хотуудад ашиглах боломжтой болсон байна.
Энэхүү функц нь хэрэглэгчдэд өөрийн байршилд ойр болох арга хэмжээнүүдийг харах, сонирхож буйгаа илэрхийлэх, тасалбар худалдан авах, мөн тухайн арга хэмжээнд оролцох бусад хүмүүсийг харж, тэдэнтэй холбогдох боломжийг олгодог. Хэрэглэгч арга хэмжээнд бүртгүүлснээр өөрийн профайл дээрээ "Оролцсон" гэх тэмдгийг авдаг байна. Tinder-ийн зүгээс ирэх саруудад энэхүү үйлчилгээг дахин 26 хотод нэмж нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд Сан-Хосе, Балтимор хотууд багтаж байна.
Туршилтын хугацаанд Лос-Анжелес хотод 60 гаруй арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд үүнд 18-24 насны хэрэглэгчдийн оролцоо өндөр байжээ. Түүнчлэн, тус аппликейшний "Events" цэс рүү орсон хэрэглэгчдийн 53 хувь нь дараагийн долоо хоногт нь дахин эргэн ирсэн нь уг шинэчлэл хэрэглэгчдийн сонирхлыг ихэд татаж байгааг харуулж байна.
Тус аппликейшнийг ашиглан хүмүүс DJ үдэшлэг, тоглоомын үдэш, бүтээлч сургалтууд, явган аялал болон гүйлтийн бүлгүүд зэрэг олон төрлийн арга хэмжээг хайх боломжтой. Энэхүү функц нь үнэ төлбөргүй бөгөөд зөвхөн зургаа баталгаажуулсан (Photo Verified) хэрэглэгчид бүрэн ашиглах эрхтэй юм. Зарим арга хэмжээ үнэ төлбөргүй байх бол зарим нь зохион байгуулагчаас хамааран тасалбар шаардаж болзошгүй.
Тус компани нь хиймэл оюун ухаанд суурилсан «Chemistry» тааруулагч функцийг ч мөн хөгжүүлж байгаа бөгөөд энэ нь апп доторх танилцах үйл явцыг улам боловсронгуй болгох зорилготой юм.