Залуу үеийнхний дунд маш их алдартай, 90-ээд оны Америкийн R&B болон хип хоп урсгалыг тодорхойлогчдын нэг болсон TLC хамтлагийн тухай мюзикл ирэх сард анхны үзэгчдэдээ хүрнэ. "CrazySexyCool: The TLC Musical" нэртэй энэхүү мюзикл нь хамтлагийн амжилт, бэрхшээлийг харуулах болно гэж найруулагчид хэлж байна.
Мюзиклийн гол дүрд тоглох жүжигчдийн нэрс аль хэдийн тодорхой болжээ. Tionne "T-Boz" Watkins-ийн дүрийг Ивианн Уэйли, Lisa "Left Eye" Lopes-ийн дүрийг Дрю Сидора, Rozonda "Chilli" Thomas-ийн дүрийг Томиа Мюррей нар бүтээхээр болсон байна. Жүжигчид өөрсдийн дүрүүдтэй төстэй харагдаж байгаа нь үзэгчдийн хүлээлтийг улам нэмэгдүүлж байна.
Тус мюзикл нь TLC хамтлагийн "It's Iconic Tour" аялан тоглолтын өмнө нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд Salt-N-Pepa болон En Vogue зэрэг 90-ээд оны бас нэгэн алдартай хамтлагууд энэ аялан тоглолтод оролцоно. Ингэснээр 90-ээд оны R&B, хип хоп урсгалыг санагалзах залуус болон тухайн үеийн хөгжмийг сонсож өссөн ахмад үеийнхний аль алинд нь таалагдах болов уу гэж найдаж байна.
TLC хамтлаг нь 1990-ээд оны эхээр байгуулагдаж, "Waterfalls", "No Scrubs", "Creep" зэрэг олон хит дуугаараа дэлхий даяар алдаршсан билээ. Тэдний хөгжим нь хүчтэй эмэгтэйлэг байдал, эрх чөлөө, өөрийгөө хайрлах үзлийг илэрхийлдэг байсан бөгөөд энэ нь олон залууст урам зориг өгсөн юм.