Холимог тулааны ертөнцийн хамгийн том байгууллага болох UFC-ийн "Freedom 250" үдэш шүтэн бишрэгчдийн хувьд багагүй бухимдал дагууллаа. Түүхэн гэгдэж байсан энэхүү тулааны шоу цаг агаарын таагүй байдлаас болж 45 орчим минутаар хойшилсон нь эхлэлийг тун тааруухан болгосон юм.
Тулаан эхэлсний дараа ч асуудал үргэлжилсээр байлаа. UFC-ийн нэрийн хуудас болсон, алдарт тулаан зарлагч Брюс Баффер өдгөө 67 настай бөгөөд тэрээр тулаан эхлэхийн өмнөх танилцуулгын үеэр томоохон алдаа гаргаж, олон нийтийн шүүмжлэлд өртөв. Тэрээр тулаанчдыг танилцуулахдаа "Цагаан ордон" (White House) хэмээн андуурч хэлсэн нь цахим сүлжээнд шуугиан тарьж, үзэгчдийн зүгээс түүнийг "хөгширсөн байна", "анхааралгүй байна" хэмээн шоолж эхэлжээ. Брюс Баффер бол тулааны ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц хоолой, эрч хүчтэй зарлалтаараа алдаршсан домогт хүн юм.
Үүнээс гадна тулааныг шууд дамжуулах явцад техникийн доголдол гарч, олон мянган үзэгчид тулааныг тасалдалтай үзэхээс өөр аргагүйд хүрсэн байна. Диего Лопес болон Стив Гарсиа нарын хооронд болсон эхний тулааны үеэр гарсан энэхүү алдаанууд нь UFC-ийн өндөр түвшний зохион байгуулалтад сэв суулгав.
UFC-ийн зүгээс энэ талаар албан ёсны тайлбар хараахан өгөөгүй байгаа ч, спорт сонирхогчид энэхүү "түүхэн" үдшийн эхлэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байна. Тулааны спорт нь сүүлийн жилүүдэд дэлхий даяар асар хурдацтай хөгжиж байгаа ч иймэрхүү техникийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаанууд нь томоохон арга хэмжээнүүдийн нэр хүндэд нөлөөлж байгааг харууллаа.