Дэлхийн хөгжмийн зах зээлийн томоохон төлөөлөгчид болох Universal Music Group (UMG) болон Sony Music компаниуд хөгжим түгээгч DistroKid платформоос сар бүр хичнээн хиймэл оюунт (AI) дуу цацаж байгаа тухай дотоод тоо баримтыг шаардан шүүхэд шинэ нэхэмжлэл гаргалаа.
Энэхүү хүсэлт нь тэдний хиймэл оюунт хөгжим үүсгэгч Suno стартаптай хийж буй томоохон маргаанд чухал нотлох баримт болно гэж дуу бичлэгийн компаниуд үзэж байна. Тодруулбал, дуу бичлэгийн компаниуд өнгөрсөн сард DistroKid-д шаардлага илгээсэн боловч тус платформ нэг ч баримт гаргаж өгөхөөс татгалзсан тул Манхэттэний холбооны шүүхээр дамжуулан албадан гаргуулахаар зорьж байгаа аж.
Шүүхийн маргааны гол шалтгаан
UMG болон Sony нь олон жилийн турш Suno компанийг сая сая жинхэнэ уран бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглан хиймэл оюуны загвараа сургасан хэмээн зохиогчийн эрхийн зөрчлөөр буруутгаж буй юм. Дуу бичлэгийн компаниудын хуульчдын шүүхэд гаргасан тайлбарт дурдсанаар, Suno өөрийн системээс гарсан бүтээлүүд хаашаа тархаж байгааг хянадаггүй байна.
Харин бие даасан уран бүтээлчдийн хамгийн том түгээгч DistroKid нь платформоор дамжин стриминг үйлчилгээнүүдэд орж буй AI дуунуудыг тусгай хэрэгслээрээ илрүүлэн хэмждэг гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Иймээс шүүхийн маргаанд шаардлагатай мэдээллийн гол эх сурвалж нь DistroKid болж байгааг UMG болон Sony-гийн өмгөөлөгчид мэдэгдэлдээ онцолсон байна.
Талуудын байр суурь
DistroKid-ийн зүгээс энэхүү дотоод статистик мэдээлэл нь Suno загвараа хэрхэн бүтээсэнтэй хамааралгүй гэж үзэн мэдээлэл гаргаж өгөхөөс татгалзжээ. Харин дуу бичлэгийн компаниуд үүнийг эсэргүүцэж, хиймэл оюунт дуунуудын урсгал зах зээлийг хэрхэн эзэлж байгаа нь уг хэрэг дэх гол асуудал гэж тайлбарлаж байна.
Өнгөрсөн сард UMG мөн DistroKid-ийн эсрэг бие даасан нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд тус компани үүний дараа зарим хэрэглэгчийн бүтээлийг устгаснаа хүлээн зөвшөөрсөн ч ямар нэг хууль бус үйлдэл хийгээгүй хэмээн буруутгалыг няцаасан юм. Billboard-ийн мэдээлснээр DistroKid болон Suno-гийн төлөөлөгчид энэ удаагийн шинэ нэхэмжлэлийн талаар одоогоор албан ёсны хариу тайлбар өгөөгүй байна.