АНУ-ын томоохон агаарын тээврийн компаниудын нэг United Airlines-д даваа гарагт өргөн хүрээг хамарсан системийн саатал гарч, зарим нислэгийн хуваарьт нөлөөлжээ.
Компанийн зүгээс X (хуучнаар Twitter) сүлжээгээр дамжуулан нисэхээр зэхэж буй нислэгүүдэд нөлөөлсөн технологийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буйгаа мэдээлсэн юм. Энэхүү доголдол нь аль хэдийн агаарт нислэг үйлдэж байсан онгоцууд болон "United Express"-ийн нислэгүүдэд нөлөөлөөгүй байна.
Компанийн төлөөлөгч CNN агентлагт өгсөн мэдээллээр уг саатал нь 30 орчим минут үргэлжилсэн бөгөөд 150 хүрэхгүй нислэгт нөлөөлсөн байна. Улмаар United Airlines компани 11 дүгээр сарын 16-ны орой гэхэд уг системийн саатлыг бүрэн засварлаж дууссанаа мэдэгдэв.
Энэхүү доголдол гарахаас хэдхэн хоногийн өмнө буюу өнгөрсөн баасан гарагт харилцаа холбоо, дататай холбоотой асуудлаас үүдэн АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA) улс даяар бүх нислэгийг хэдэн цагийн турш түр зогсоож байсан юм. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд томоохон компаниудад техникийн саатал цөөнгүй гарч байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Microsoft компанийн Outlook болон Microsoft 365 үйлчилгээ олон өдрийн турш саатсан бол даваа гарагт Chase банк програм хангамжийн асуудлаас шалтгаалан харилцагчдад нь түр хугацаанд саатал үүсчээ.