Бие даасан уран бүтээлчдийн бүтээлийг түгээдэг дэлхийн хамгийн том платформуудын нэг болох DistroKid хэрэглэгчдийнхээ байршуулсан зарим дууг устгасан болохыг хөгжмийн Billboard сэтгүүл баталлаа. Энэхүү алхам нь дуу бичлэгийн томоохон компани Universal Music Group (UMG)-ээс өнгөрсөн есдүгээр сард тус платформын эсрэг гаргасан шүүхийн заргатай холбоотой ажээ.
DistroKid-ийн уран бүтээлчдийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Аманда Ферри энэ талаар тайлбар өгөхдөө “UMG-ийн гаргасан гомдлын хариуд DistroKid-ээр дамжуулан түгээсэн маш цөөн тооны бүтээлийг устгасан” гэж мэдэгджээ. Мөн тэрээр UMG-ийн шүүхэд гаргасан үндэслэлүүдийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, хохирсон уран бүтээлчдэд учирч буй хүндрэлийг багасгаж, бүтээлээ үргэлжлүүлэн гаргах боломжийг нь хамгаалахын төлөө ажиллаж байна гэсэн юм.
Шүүхийн зарга ба устгагдсан дуунуудын учир
UMG нь худалдааны хууран мэхлэх үйлдэл гаргасан болон зохиогчийн эрх зөрчсөн гэх үндэслэлээр DistroKid-ийг шүүхэд өгсөн байна. Заргад дурдсанаар, DistroKid нь Spotify зэрэг стриминг платформууд руу хиймэл оюунаар үүсгэсэн олон тооны дуу цутгаж, мөн бэлэн дууг хурдасгах, дахин найруулах зэргээр зохиогчийн эрх зөрчсөн бүтээлүүдийг түгээж роялти төлбөрөөс хумсалсан гэж буруутгажээ.
Гэвч платформоос яг ямар төрлийн дуунуудыг устгасан нь одоогоор тодорхойгүй байна. Цахим сүлжээнд зарим уран бүтээлчид гомдол мэдээлж байгаагаар, устгагдсан бүтээлүүд нь хиймэл оюунаар бүтээгдээгүй, зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй байсан гэжээ. Түүнчлэн платформын хэрэглэгчийн үйлчилгээний хариу удаан байгаа талаар ч шүүмжлэл гарч байна.
Зохиогчийн эрхийн төлөөх тэмцэл
Энэхүү маргаан нь хөгжмийн салбарт хиймэл оюунаар үүсгэсэн олноор үйлдвэрлэсэн контент болон зохиогчийн эрхийн зөрчилтэй тэмцэх үйл явцын шинэ үе шат болж байна. Өмнө нь UMG компани 2024 онд хуурамч уран бүтээлчийн нэрээр (тухайлбал “Kendrik Laamar”, “Arriana Gramde”) дуу түгээсэн гэж Believe болон түүний TuneCore нэгжийг шүүхэд өгч байсан бөгөөд уг маргаан өнгөрсөн дөрөвдүгээр сард тохиролцоонд хүрч хаагдаж байжээ.