VALORANT тоглоомыг хөгжүүлэгч Riot Games компани тоглоомын чансааны системдээ томоохон өөрчлөлт хийж, шударга бус үйлдлүүдийг таслан зогсоохоор боллоо. Тоглоомын 13.01 шинэчлэлт-ээр дамжуулан чансаагаа хууль бусаар өсгөж, манипуляци хийсэн тоглогчдод хатуу хариуцлага тооцох болно.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд чансааг хууль бусаар өөрчилсөн нь тогтоогдсон тоглогчдын бүртгэлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх, олсон чансааг нь буцаан хүчингүй болгох, мөн тухайн улиралд авсан чансааны шагналуудыг хураах зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөж байна.
Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тоглогчид өөрсдөө гомдол гаргах боломжтой “Rank Manipulation” буюу чансааг хууль бусаар өөрчлөх гэсэн тусгай ангиллыг мэдээллийн хэсэгт нэмж өгчээ. Түүнчлэн, хууль бус үйлдлийг илрүүлэх шинэ хэрэгслүүдийг нэвтрүүлж, тоглоомын чансааны системийг илүү цэвэр, шударга болгохыг зорьж байна.